Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

E-MONGOLIA БУЮУ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМЭЭР 3,5 МЯНГАН ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Засгийн газраас иргэн, ААНБ-д зориулж төрийн үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээгээр авах боломжийг бүрдүүлж, и монголио цахим үйлчилгээг нэвтрүүлсэн. 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэвтэрсэн энэхүү төрийн цахим үйлчилгээ Сүхбаатар аймагт 2020 оны 05 дугаар сарын 20-оос эхлэн амжилттай хэрэгжиж байна.

Иргэн, ААНБ өөрт хэрэгтэй бүхий л лавлагаа мэдээллийг өөрийн регистрийн дугаар болон хурууны хээний тусламжтайгаар хаанаас ч авах боломжтой юм. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний тайлангийн мэдээгээр тус аймгийн 12 сумын  3,5 мянган иргэн энэхүү цахим системээр үйлчлүүлсэн байна. Харин үлдсэн нэг сум буюу Халзан сумын оператор зориулалтын бусаар системийг ашигласан учир тоног төхөөрөмжөө хураалган, улмаар тус сумын иргэд энэхүү цахим үйлчилгээг авах боломжгүй болсон байна.

Одоогоор 23 байгууллагын 181 үйлчилгээг дээрх системээр үзүүлж байгаа бөгөөд цаашид 592 төрлийн үйлчилгээ үзүүлдэг болохоор зорин ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн технологийн мэргэжилтэн Ч.Осгонбат танилцууллаа.

Т.ОДОНЧИМЭГ