Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн барилгын засварыг Япон улсын “Өвсний үндэс –Хүний аюулгүй байдал” хөтөлбөрийн санхүүжилтээр хийхээр болжээ. Улмаар нийт 690 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкитай албан ёсны уулзалт хийж, дээрх гэрээг албажуулжээ. Мөн Сүхбаатар аймгийн далайд гарах хамгийн дөт зам бүхий газарзүйн байршлын онцлог, хөгжлийн давуу тал, байгалийн нөөц, эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдол бүхий төслийн хүрээнд цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.
Уулзалтын үр дүнд цаашид Сүхбаатар аймаг Япон Улсын бизнес эрхлэгчид, хувийн хэвшилтэй хамтран ажиллах хөрөнгө оруулалтын уулзалт, хурлыг зохион байгуулахаар харилцан тохиролцсон байна.
Т.ОДОНЧИМЭГ