Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг Сүхбаатар аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд 03 дугаар сарын 17-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус байгууллагуудын төлөөллүүд аймгийн удирдлагуудын хамтаар их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр үйл ажиллагаа эхэлсэн юм. Улмаар баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, баярын жагсаалын арга хэмжэээнүүд болсон бөгөөд энэ бүгдийг мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулав.


Их жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй ардын хувьсгалын журамт цэрэг 1921 оны 03 дугаар сарын 18-нд Хиагт хотыг гамин цэргүүдээс чөлөөлж анхны ялалтыг байгуулсан ардын ялалтын анхны түүхэн өдрийг шинэ үеийг эхлүүлсэн өдөр болгон жил бүр тэмдэглэн өнгрүүлж ирсэн. Үүнээс улбаатай олон олон түүхэн үеийг бид дурсан санах учиртай. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үндсэн үүргээс гадна энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хээрийн сургуулилт, улс орны бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажиллагаанд идэвхтэй оролцон олон талт үүргийг гүйцэтэж байна. Энхийг дэмжих ажиллагаанд манай ангийн офицерь, ахлагч нар үүргээ амжилттай гүйцэтгэн, Монгол Улсын нэрийн өмнөөс хүлээсэн үүргийн дагуу хувь нэмрээ оруулж, дэлхий дахинд сурталчилан таниулсаар байна. Зэвсэгт хүчний 338 дугаар анги нь Сүхбаатар аймагт байгуулагдсан 10 жилийнхээ ойтой золгож байна. Энэ анги байгуулагдсанаар орон нутагт ажлын байр нэмэгдэж, хүн амын болон нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсаар байна. Улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт болох Дорнод аймгийн Халх гол суман дахь шинэ сум төсөл, Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын ажилд дугаар анги алба хаагчид оролцсоор байна. Бидний хамт олон 10 жилийн ойгоо угтаж арван бүтээлч ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна гэдгийг Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ хурлыг нээж хэлсэн үгэндээ тодотгов.
Харин аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар хэлэхдээ, аймгйн удирдлагууд бид батлан хамгаалах салбартайгаа хамтран ажиллаж, хүүхэд залуусаа эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэх, эр цэргийн албаа хаах хүндтэй албандаа хүчин зүтгэх үүрэг оролцоог нь нэмэгдүлэхэд хичээн зүтгэж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.


Баярын хурлын үеэр цэргийн албан хаагч, дайчдыг шагнаж урамшуулан, зарим албан хаагчдад хугацааны цолыг олгож, нийт цэргийн хүрээнийхэн төв талбайдаа оройн жагсаалыг хийснээр үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Т.ОДОНЧИМЭГ