Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЗАЛУУЧУУДЫН ӨДРИЙН НЭЭЛТ БОЛОВ

Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн 25-ныг залуучуудаа сонсох өдөр болгон зарласан билээ. Энэ өдрөөр залуус нэгдэн дуу хоолой үзэл бодлоо илэрхийлэх, зөвлөлдөх, харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцах боломжийг төрийн болон ТББ-ууд хамтран бүрдүүлэх юм.
03 дугаар сарын 25-ны энэ өдөр Залуучуудын өдрийн нээлтийг хийж, эхний ээлжинд 11 байгууллагын 55 залууг хамруулан мэдээлэл өгч, харилцан санал солилцов. Сар бүрийн энэ өдөр яг ямар ажил хийвэл илүү үр дүнтэй болох, залуучууд юуг хүсэж байна, цаашид хэтийн зорилго юу байх талаар тэд хэлэлцсэн юм. Сүхбаатар аймгийн нийт хүн амын 67 хувийг залуучууд эзэлж байна. Гэтэл яг тэдэнд чиглэсэн ажил, зориулагдсан томоохон бүтээн байгуулалт гэх зүйл үгүй. Тиймээс залуучуудын хэрэгцээ шаардлагыг аймгийн Залуучуудын холбооноос тодорхойлжээ.
Залуучуудын хэрэгцээг тодорхойлох судалгааг цахимаар явуулсан. Нийт 1000 гаруй залуу хамрагдан үнэтэй саналуудаа өгсөн. Судалгаанд хамрагдагсдын 70-аас дээш хувь нь залуучуудын хөгжлийн төв нэн чухал байгааг илэрхийлсэн байсан. Ер нь энэ бол Сүхбаатарын залуучуудын хамгийн том хэрэгцээ. Тиймээс ч бид энэ ажлын эхлэлийг тавьсан. Аймаг орон нутгийн удирдлагын дэмжлэгтэйгээр холбоо маань байрныхаа асуудлыг шийдүүлсэн. Тэгэхээр эхний ээлжинд үүнийгээ үйл ажиллагааг нь тогтмолжуулаад цаашид хөгжлийн төвийн хэмжээнд хүргэхийн төлөө ажиллах болно. Ер нь тусгайлан хөгжлийн төв шинээр барих асуудлыг бид судалж байгаа гэж аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал хэллээ.
Залуус хамтдаа дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв амьдралын хэв маягт хэдийн суралцаад эхэлсэн. Энэ мэт энгийн хирнээ залуучуудын өдөр тутмын амьдралд эерэгээр нөлөөлөх зүйлсийг тэд хүсэж байна. Мөн залуучууд нэг нэгэндээ чин сэтгэлээсээ талархаж, урам хайрладаг байхыг, цахим хэрэглээ эрчимжсэн энэ үед амьд харилцааг чухалчилсан арга хэмжээнүүд их болоосой гэдгийг хүсэж буйгаа илэрхийлж байлаа.
Залуучуудаа сонсох өдрийн хүрээнд байгууллага бүрийг нэг зорилтот ажил хийх уриалгыг аймгийн Залуучуудын холбооноос гаргасан. Үүний хүрээнд сар бүрийн 25-нд аймгийн Угсаатны зүйн музей залуус болон зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх, зарим худалдаа үйлчилгээний газрууд тодорхой үнийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж, үр дүн гарч эхлээд байгаа.
Ер нь залуучууд санал бодлоо хэлдэг, төрд дуу хоолойгоо хүргэдэг, өөр хоорондоо мэдээлэл солилцох, уулзаж ярилцах өдөртэй болно гэдэг өөрөө эхний том алхам юм…

Т.ОДОНЧИМЭГ