Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТАНГАРАГ ӨРГӨСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ Ч ТЭДНИЙ АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ НЬ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ…

Сүхбаатар аймагт коронавирусний халдварын тархалтыг тэлэхгүй байх үүднээс 04 дүгэээр сарын 05-ны өглөөний 06 цагаас эхлэн хатуу хөл хориог дахин 7 хоног сунгахаар аймгийн Онцгой комисс шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор хөл хорионы үед дагаж мөрдөх хэдэн хэдэн зүйлд өөрчлөлт орсон. Тэдний нэг нь тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ажилчид, хүргэлт, дуудлагын машинаас бусад зориулалтын авто машинд зөвшөөрөл олгохыг хориглосон. Өөрөөр хэлбэл дээрхээс бусад чиглэлийн төрийн албан хаагчид аймгийн төв дотор машин унахгүй гэсэн үг. Энэ нь нэг талаар авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдээ эрсдлээс хамгаалсан шийдвэр боловч нөгөө талаар өдрийн хэдэн цаг гадаа зогсох төрийн албан хаагчдаа огт бодсонгүй. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрнө.

Баруун-Урт суманд хяналтын 50 цэгт төрийн албан хаагчид эргүүлд гарч, нэг цэгт нэг албан хаагч зургаан цагаар үүрэг гүйцэтгэж байгаа. Тодруулбал тухайн албан хаагч яг нэг газраа зургаан цаг зогсоно. Ингэхдээ мэдээж үндсэн үүрэг болох явган зорчигчдоос асуумж асууж, тэмдэглэлээ  хөтлөх ёстой. Харин тэмдэглэл хөтлөх цаасаа тавих газар олж ядан хогийн саван дээр тавиад үүргээ гүйцэтгэж буй албан хаагчийн үнэнч гэх үү, өрөвдөлтэй гэх үү дүр зургийг та дээрх зурагнаас харж болно.

Хүн л юм чинь хөл нь чилж өвдөнө, өлсөж цангана. Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт муутай манайх шиг газарт суучих сандал харамсалтай нь цөөн. Гэр хороололд эргүүлд зогсож буй ажилчид сандал гээчийг мөрөөдөөд ч хэрэггүй. Угаасаа байдаггүй шүү дээ. Аргаа барахдаа зарим нэг нь айл гэрийн сандал гаргаж ирээд хөлөө амраан сууж байсан тухай хүмүүс жиг жуг хийнэ. Элсэн шороон дээр суух, ээдээ гэж халагламаар зураг ч харагдана. Арай гэж олдсон аяга хоол цайгаа хаана яаж иддэгийг нь бодоод ч хариуг эс олно. Энэ мэт хүнээ бодохгүй яав даа гэмээр шийдвэр олныг бухимдуулж байна. Олонд тустай байж болох ч бусдын эрх ашгийн төлөө өөр нэгнийг хохироох учиргүй. Хэдийгээр тангараг өргөсөн төрийн албан хаагч ч гэлээ тэдэнд ажиллах нөхцлийг нь бүрдүүлж өгөх нь хамгийн чухал. Ингэж байж тэд хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тэр хирээр үр дүнтэй байх бус уу. Тусгай чиг үүргийнхэн гээд цагдаа, онцгойгийнхон ч машин унасангүй. Бусдын адил хэдэн цагаар гадаа зогсож байна. Гэвч тэдний эсэгрүүцлээ илэрхийлж, үгээ хэлэх эрх нь хязгаарлагдмал. Яагаад гэвэл  МӨРДӨС гэдэг үг тэдний амыг барьдаг гээд хатуухан хэлэхэд буруудахгүй.

Баруун-Урт сумын гэр хорооллын багт эргүүл хийж байсан албан хаагчруу нохой дайрсан, бусдаас ялгарах таних тэмдэг байхгүй учир иргэд үгэнд нь ордоггүй, бүр захын багт харанхуй гудманд ганцаар зогсох албан хаагч зүс таних айлаас гартаа барих мод гуйн авч нохойноос өөрийгөө хамгаалсан, шөнө оройн цагаар даарч хөрсөн гээд албан хаагчдад бэрхшээл их л тулгарч байгаа бололтой. Уг нь ийм ажилд гаргаж байгаа бол нэн тэргүүнд аюулгүй байдлыг нь хангах ёстой. Яахав зарим байгууллагууд өөрсдийн санаачлагаар хантааз өмсгөж, дохиур мод өгсөн байдаг. Гэвч тэр нь цөөн хэсэгт л бий. Ингээд бичээд байвал асуудал их. Ийм байдалд ажиллаж байгаа хүмүүсийг дархлаагаа сайн дэмжээрэй гэж хэлэхээс ч зовмоор… хэдэн цаг зогсоод чилж ядарсан хүмүүст ямар юмных нь дархлаа байхав.

Төрөөс түлш шатахуун нэхэхгүйгээр зүгээр өөрсдийнхөө машинтай тухайн цэгтээ зогсоод хааяа хөлөө амраагаад суучихдаг, аяга хоол цайгаа тавтай суугаад ууж идчихдэг, иргэнийхээ асуумжийг тавтайхан биччихдэг ийм байх боломжийг нь зөвшөөрчихөөч дээ. Эсвэл зогсох цагийг нь ядаж хасъя. Аан харин эргүүлд гараагүй байж зүгээр ажилдаа ирж очих нэрээр машин унаж буй хүмүүсээ хориглох нь зөв. Олон цагаар гадаа зогсож буй нэгнээ жаахан бодчихвол, ийнхүү аюулт цар тахлыг хумих гэж дарга, цэрэггүй л хаа хаанаа хичээн ажиллаж байна.

Хөл хориог сунгасан 04 дүгээр сарын 05-наас эхлэн бүх хүнсний дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг 20 цаг болгон богиносгосон. Дэлгүүрийн хаах цагийг наашлуулсан учир иргэд 20 цагаас хойш гэрээсээ бараг л гарахгүй. Тэгэхээр үүнтэйгээ уялдуулаад эргүүл хяналтынхаа шийдвэрийг өөрчлөх байх гэж тэд хүлээж байна.  Хүн харахад зүгээр зогсож буй мэт боловч олон олон сөрөг үр дагаварыг араасаа дагуулж буй энэ шийдвэрээ төр засаг эргэн хараасай гэж хүсье. Оносон, алдсан олон  шийдвэр гарч зарим нь үр дүнгээ өгч буй. Гагцхүү гаргасан алдаагаа засаж залруулах нь чухал…

Т.ОДОНЧИМЭГ