Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Ө.Баясгалан: Алба хааж буй цэргүүдийг гэрийнхэнтэй нь цахимаар уулзуулна


Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын үндсэн үүрэг, одоогоор авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мөн өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ны шөнө Зэвсэгт хүчний … дугаар ангид болсон эмгэнэлт явдлаас шалтгаалан иргэдээс ирүүлсэн саналын дагуу аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч Ө.Баясгалантай ярилцаж тодруулга авлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та ЗДТГ-ын Цэргийн штабын үндсэн үүргийн талаар мэдээлэл өгөөч?

-Таны амрыг эрье. Батлан хамгаалах талаарх бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, хуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, цэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх, цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах, цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах, нутаг дэвсгэртээ байрлаж байгаа зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллах, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт зохион байгуулах, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулах үүргийг тус тус гүйцэтгэдэг.

-Яг одоогоор Цэргийн штаб ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна вэ?

-Цэргийн штабын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэрэг дайчдын сэтгэл зүйн байдлыг хангах үүднээс Сүхбаатар аймгаас 2020 оны нэг, хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчидтай Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангийн удирдлагатай харилцан тохиролцсоны дагуу хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар болон утсаар холбоонд оруулж мэндчилгээ дэвшүүлэх, албаа хэрхэн хааж байгаа, анги байгууллагийн нөхцөл байдлыг ар гэрийнхэнд таниулах, цэргийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах үүднээс тус үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд: 2021 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангид алба хааж байгаа дайчидтай, 2021 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр Хилийн 0132 дугаар ангид алба хааж байгаа дайчидтай тус тус холбогдох тул эцэг эхчүүд, ар гэрийн төлөөлөл та бүхэн боломжоороо бэлтгэлээ хангахыг хүсье. Энэ талаар тодруулах хүсэлтэй иргэд байвал Цэргийн штабын 70518356, 70518620 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авч болно. Мөн цэрэг дайчдын сэтгэл зүйн байдлыг хангах үүднээс хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний болон Хилийн ангиудад алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдыг эргэхэд сумдын удирдлага болон эцэг эхийн төлөөллийг оролцуулан жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаа байдаг. Уг арга хэмжээгээр цэргийн алба хаагчдын амьдарч, сурч буй орчин нөхцөл, албаны онцлогийг тухайн анги салбартай хамтран харуулдаг сайхан ажил бий. Энэ ажил маань улс орон даяар төдийгүй дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 онд зохион байгуулагдаагүй. Цаашдид цар тахал намдахр энэхүү үйл ажиллагааг аймаг орон нутгийн удирдлага, ар гэрийн төлөөлөлтэй хамтран тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Тэгвэл Цэргийн штабаас цаашид авч хэрэгжүүлэх иргэдрүү чиглэсэн арга хэмжээний талаар танилцуулна уу?

-Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр нэлээдгүй олон ажил зохион байгуулдаг. Хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, цэргийн албаа хаагаад ирж байгаа иргэдийг ажлын байранд зуучлах, цэргийн албанд татагдсан дайчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх гэх мэт… Өнгөрсөн жил гэхэд  2019 оны нэг, хоёрдугаар ээлжээр цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан бүрэлдэхүүнийг  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай ажлын байранд зуучилах, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй  хамтран мэргэжил олгох сургалтад хамруулах чиглэлээр сургалт зохион байгуулж ажил орлоготой, мэргэжилтэй болгоход анхаарч ажилласан. Мөн 2020 оны нэг, хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан зарим цэргийн алба хаагчдын ар гэрт халдвар хамгааллын бодис, амин дэмийн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, нүүрс, түлээний дэмжлэг үзүүлж ажилласан. Цаашдаа иргэдрүү чиглэсэн үйл ажиллагаагаа жил бүр хэрэгжүүлж ажиллах болно.

-Та Зэвсэгт хүчний … дугаар анги дээр болсон эмгэнэлт явдлыг та юу гэж бодож байна? Энэ сүүлийн үед иргэдийн анхаарлыг татсан сэдэв болоод байгаа?

-Зэвсэгт хүчний дугаар анги дээр нэг хариуцлагагүй алба хаагчийн болчимгүй үйлдлээс болж хүний амь нас эрсэдсэн байж боломгүй үйл явдал боллоо. Үүнд тус салбарт ажиллаж амьдардаг хүний хувьд талыгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Ийм үйл явдал дахиж бүү давтагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Болсон явдлын талаар хяналт шалгалтын ажил үргэлжилж байна гэсэн мэдээлэл байна. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас ажлын хэсэг томилогдон анги салбарууд дээр хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж энэ төрлийн гэмт хэрэг, дүрмийн бус харьцаа гардаг асуудлыг бүр мөсөн таслан зогсоох бүхийл төрлийн арга хэмжээг авч ажиллаж байна.

-Энэ үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг бүхэлд нь харлуулах, гутаан доромжлох үгс цахим орчинд нийгмийн сүлжээгээр хүчтэй тархаж байна. Энэ талаар таны бодол?

-Нэг хариуцлагагүй этгээдээс болж нийгмийн сүлжээнд буруу ташаа ойлголт гарч Зэвсэгт хүчний үйл ажиллагаа түүнд алба хаадаг мянга мянган алба хаагчдын үйл хэргийг харлуулах мэдээ мэдээлэл цацагдаж байгаа нь туйлын харамсалтай. Монголын Зэвсэгт хүчинд алба хаах цаашлаад эх орноо батлан хамгаалах, эх орныхоо дархан хилийг манах үйл хэрэгт хүчин зүтгэнэ гэдэг бол эр хүн болж төрсний бахархал. Цэргийн алба хаана гэдэг бол Монгол улсад эр хүн болж төрсний нэг үйл хэрэг. Монгол улсын үндсэн хуульд эх орноо батлан хамгаалах хуулийн дагуу цэргийн алба хаана гэж заасан байдаг. Цэргийн алба гэдэг бол хүнийг төлөвшүүлдэг бие бялдрыг хөгжүүлдэг, эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах  цэргийн мэргэжил эзэмшүүлдэг, айл гэрийн ноён нурууг авч явах үндэс суурийг тавьдаг гэж би боддог. Цэргийн албыг хааснаар тухайн иргэн төрийн албанд орж ажиллах эрх үүсдэг. Цэргийн албаны бүх үйл ажиллагааг дүрмээр тогтоосон гагцхүү тэр дүрмээр бүх үйл ажиллагаа явагдаж бас харьцдаг.
Түүнээс биш одоо цахим орчинд өрнөөд байгаа шиг тийм дэг, хүчирхийлэл, дүрмийн бус харьцаа байхгүй ээ гэдгийг хэлмээр байна.

-Цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын үндсэн хууль, Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газрын даргын тушаалын дагуу цэргийн насны залуусыг татах, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги салбарт алба хаасан бэлтгэл дайчдыг халах, цэргийн бэлтгэл үүрэгтэнээр бүртгэх ажиллагааг зохион байгуулдаг. Энэ ажлынхаа хүрээнд 2021 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халалт, татлагыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хугацаат цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын цэргийн бэлтгэл сургалтыг ирэх 5 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. 2021 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болох гэж байгаатай холбогдуулан цэргийн насны залуусдаа хандаж Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ ёсчлон биелүүлж цэрэг татлагын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаарай гэж уриалъя. Их Жанжныхаа нэрээр овголсон Сүхбаатар нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөн эр цэргийн албаа нэр төртэй хаанаа гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа