Сүхбаатар аймагт батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчдыг тогтоож, тандалт шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байгаа. Халдварын тоо цаашид нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарын бэлтгэл бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц өнөөгийн нөхцөл байдлын талаар АНЭ-ийн дарга Д.Мөнхзултай цөөн хором ярилцлаа.
-Сүхбаатар аймаг халдвар авсан иргэдээ орон нутагтаа эмчилж байна. Яг өнөөгийн нөхцөл байдал ямар байна?
-Халдварыг хүн амын дунд өргөн тархах эрсдлээс сэргийлж Мөнххаан сумаас батлагдсан арван тохиолдлыг бүгдийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, тусгай зориулалтын машинаар зөөвөрлөн авчирч халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байна. Одоогоор иргэдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Дархлаа дэмжих болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх эмчилгээнүүд хийгдэж байна. 11 хүний гурав нь архаг хууч өвчтэй. Тиймээс өвчлөл хүндрэх эрсдэлтэй учир эдгээр иргэдийг онцгойлон хяналтдаа авсан байгаа.
-Эмнэлэг, эмчилгээний багийн зохион байгуулалтыг хэрхэн хийсэн бэ?
-Эхний бэлтгэгдсэн халдвартын эмнэлэг 20 ортой. Эрчимт эмчилгээ, төрөх, хагалгааны хэсгүүдтэй. Байдал хүндэрсэн тохиолдолд ашиглах амьсгалын аппаратаас эхлээд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байгаа. Эмчлэх багийн хувьд одоогоор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эхний баг орсон. Их эмч, сувилагч, ариутгагч, үйлчлэгч гэсэн хүний бүрэлдэхүүнтэй. Эдгээр хүмүүс маань 14 хоногийн хугацаанд дотор ажиллаад дараагийн ээлж солигдох юм. Яг ийм зарчмаар ажиллах 4 ээлжийн багийг бэлтгэсэн байгаа. Мэдээж гарч ирсэн баг тусгаарлалтад шилжинэ.
-Халдварын тоо нэмэгдвэл ор дэлгэж бэлтгэсэн өөр эмнэлэг байгаа юу?
-Үнэхээр ийм байдал үүсвэл дараагийн эмнэлгийг бэлтгэсэн байгаа. Уламжлалтын эмнэлгийн 50 орыг дэлгэсэн. Үүнд ерөнхийдөө хөнгөн болон давхар суурь өвчтэй хүмүүсээ авахаар төлөвлөсөн.
-Хоол хүнсийг хэрхэн нийлүүлж байгаа вэ?
-Эмч, эмнэлгийн ажилтнууд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэдэг утгаараа тусгай бүсдээ хувцасаа солиод цааш ордог. Харин хоол хүнсийг дандаа нэг удаагийн хэрэгслээр олгож байгаа. Мэдээж өвчтөний дархлааг дэмжих шим тэжээл сайтай тусгай жорын хоолыг нийлүүлж байна.
-Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хэр хангагдсан бэ?
-Өнөөдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгслийн 14 хоногийн нөөцтэй байна. Цаашид тасралтгүй хангах боломжтой гэж үзэж байгаа. Халдвар хамгааллын хэрэгслийн тухайд нэг сарын нөөц бий. Цаашлаад хоол хүнс, түлш шатахууны нөөцийг бүрдүүлэх үүднээс холбогдох газруудтай гэрээгээ байгуулчихсан, одоогоор бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Бидэнд тулгарах гол бэрхшээл гэвэл санхүү, төсвийн асуудал байна. Учир нь АНЭ хийж байгаа үйл ажиллагаагаараа хөрөнгө босгох ёстой. Гэтэл үйл ажиллагаа хязгаарлагдсан ийм нөхцөлд хүндрэл үүсч болзошгүй. Гэхдээ бид ямар ч байсан эрсдэл үүсгэхгүйгээр гол нь эмнэлгийн эмч ажилчдаа хамгаалж, хамтын хүчээр энэ аюулт өвчнийг даван гарах зорилго тавин ажиллаж байна.
-Тэгвэл хүний нөөцийн чадамж хэр байгаа вэ?
-АНЭ 330 гаруй ажилтантай. Бидний хувьд эдгээр нөөцөө эрсдэлд оруулахгүй байхыг урьтал болгон ажиллаж байгаа. Улаан бүсд шилжиж, эмнэлгийн үйл ажиллагааг тодохой хэмжээгээр хязгаарласантай холбоотойгоор үүсч болох нөхцөл байдалд зориулж удирдлагын багаас бусад ажиллагсдаа хоёр ээлжинд хуваасан. Ингээд долоо долоо хоногоор ээлжлэн ажиллах юм. Мөн ээлжинд гарч байгаа ажилчид 24/48 системд шилжсэн. Ерөнхийдөө хүний нөөц хангалттай гэж харж байгаа. Одоогоор манай хариу арга хэмжээний хоёр баг нэг нь Улаанбаатар хотод, нэг нь Мөнххаан суманд ажиллаж байна. БидУлаанбаатар хотод байгаа багаа татан авах хүсэлтээ хүргүүлсэн. Ер нь цар тахлын үед аймагт 200 ортой эмнэлэг бэлэн байлгахаар төлөвлөж байсан. Үүний дагуу эмч эмнэлгийн ажилчдаа хуваарилсан. Нөгөө талаар эмнэлгийн үйл ажиллагаа бас хэвийн явагдах ёстой. Үүнийг ч төлөвлөсөн. Тэгэхээр энэ байдлыг хүний нөөц маань даван туулж чадна гэж харж байгаа. Харин халдвар олон сумыг хамрах юм бол байдал өөрчлөгдөх эрсдэлтэй.
-Зав гарган ярилцсанд баярлалаа.
Т.ОДОНЧИМЭГ