Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

8500 ГА ТАЛБАЙД ҮР ТАРИА, 70 ГА-Д ТӨМС, 45 ГА-Д ХҮНСНИЙ НОГОО ТАРИНА

Сүхбаатар аймаг дөрвөн сумын нутагт газар тариалан эрхэлдэг.  Энэ жил долоон ААНБ 8500 га талбайд үр тариа, иргэд 70 гаруй га-д төмс, 45 га-д  хүнсний ногоо тарина.  Тус аймгийн тухайд үр тариа тариалах чиглэлээр 100 гаруй, төмс хүнсний ногоо тариалах чиглэлээр 200 орчим хүн гээд энэ жил газар тариалангийн салбарт нийт 300 орчим хүн ажиллах судалгаа гарчээ.

Газар тариалангийн салбарын ажил ид эхэлж буй энэ үед МУЗГ, ХХААХҮЯ-тай тохирлцон энэ салбарын ажилчдыг вакцинд хамруулахаар болсон. Үр тарианы чиглэлээр Улаанбаатар хотоос ирэх 57 ажилтан вакциндаа хамрагдчихсан, одоогоор 24 нь Түмэнцогт суманд ирээд байна. Ер нь  газар тариалангийн салбарын бэлтгэл ажил хангагдаж байна. Уриншаа хийгээд, үрээ бэлдчихсэн байгаа. ААНБ-ууд техник тоног төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хийж байна. Энэ жил манайх улаанбуудай, арвай, овъёос, тос болон тэжээлийн ургамал болон бусад төмс хүнсний ногоо тарина гэж Сүхбаатар аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир хэллээ.

Сүхбаатар аймаг төмснийхөө 20 гаруй хувийг, хүнсний ногооны 6,3 хувийг дотооддоо бэлтгэдэг. Иргэд, ААНБ-ууд төмс хүнсний ногоо тариалах сонирхол ихэссэн учир энэ жилээс үүнийг төрөөс бодлогоор дэмжиж, дотооддоо бэлтгэх боломжоо нэмэгдүүлэх бодит төлөвлөлтийг хийн, тодорхой зорилт дэвшүүлэн  ажиллаж байгаа гэлээ.

Т.ОДОНЧИМЭГ