Сүхбаатар аймагт коронавирусний халдварын тохиолдол 03 дугаар сарын 29-нд анх батлагдсанаас хойш 17 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд хатуу хөл хорионы дэглэмд орсон. Энэ дэглэм одоо ч мөрдөгдөж байгаа.
Гэвч халдварын голомтыг барьж чадалгүй, таван сумыг хамарч одоогоор нийт батлагдсан тохиолдол 94 болоод байна. Халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас өдөр бүр тогтсон цагт мэдээллийн бүхий л хэлбэрээр өгч байгаа. Гэвч иргэд энэ мэдээлэлд үл ханана. Учир нь иргэдийн хамгийн ихээр мэдэхийг хүсч буй зүйл бол батлагдсан тохиолдлын явсан маршрут…
Ялангуяа Баруун-Урт сумын иргэдийн хувьд үүнийг илүү их сонирхож байгаа. Хэлсэнгүй, мэдээлсэнгүй, нуулаа гэж хүн бүр бухимдаж, дургүйлхэнэ. Нэг талаараа ч тэдний зөв. Батлагдсан тохиолдол хаагуур, ямар ямар газраар явсныг мэдэж байж хувь хүн өөрийгөө болон бусдыгаа хамгаална. Уг нь анх Монгол улсад батлагдахад ч, Баруун-Уртад батлагдахад ч тухайн иргэний явсан газруудыг нэг бүрчлэн хэлж байсан. Харин одоо энэ байдал үгүй болжээ. Яагаад???
Яагаад? гэдэг асуултад, халдварт өвчний мэдээлэл нь нууцлалын зэрэгтэй байдаг учраас нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Үүний цаана хүний эрхийн асуудал ч яригдаж байдаг гэж аймгийн ЭМГ-аас мэдээлсэн юм.
Гэнэт ингэж нууцлах болсон нь нөгөө талаар иргэдийн хандлага, бусдыгаа хүлээн авч байгаа байдалтай ч холбоотой. Учир нь халдвар авсан иргэнийг нийгмийн сүлжээнд элдвээр харааж зүхэх, доромжлох нь буцаад нөгөө иргэнд болоод түүний ар гэрийнхэнд асар их сэтгэл санааны дарамт болж байгаа тухай зарим албаны хүмүүс ч ярьж байгаа юм.
Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй болоод чухал арга бол иргэд хөдөлгөөнд оролцохгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сахих нь чухал гэдгийг аймгийн Шуурхай штабаас сануулав.
Т.ОДОНЧИМЭГ