Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ГАВЬЯАНЫХАА АМРАЛТАНД ГАРСАН Ч ТЭД ТА БИДНИЙ ТӨЛӨӨ ГАДАА ЗОГСОЖ БАЙНА

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын дэргэдэх ахмадын зөвлөл маш идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхий нийтийг түгшээсээн аюулт цар тахал улс эх орон  цаашлаад аймаг орон нутагт орж ирсэн цагаас хойш өнөөг хүртэл цагдаагийн байгууллагын алба хаагчид жил дамнан энэхүү аюулт өвчинтэй тэмцэж, ард иргэдээ хамгаалах ажлын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа. Сайнаасаа илүү саараар дуудуулах нь олон ч тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, ямар ч цаг үед ажилласаар байдаг нь үнэн.

Хамт олныхоо ингэж ажиллахыг харсан ахмад цагдаа нар ч зүгээр гэртээ суухыг хүссэнгүй. Бие сэтгэлээрээ хамт олондоо тус нэмэр, хүч  болохын зэрэгцээ, “Ард иргэдийн аюулгүй байдал нэгт” гэдэг үг толгойд нь бараг л автомажсан байдаг учир насаараа хийсэн ажил мэргэжлийнх онцлог юм болохоор ёстой л нөгөө чин зүрхнийхээ дуудлагаар гарч, ийнхүү гадаа зогсож байна. Гэхдээ энэ бол сайн дурынх…

Иргэдийг гадуур битгий яваасай, гэрээсээ бүү гараасай, хүүхдүүд гэнэн үйлдлээсээ болж өвчинд өртчих вий гэсэн дээ л тэд ийнхүү зогсож байгаа юм шүү дээ.

Цагдаагийн байгууллагаас гавъяаныхаа амралтад гарсан 30 алба хаагч Баруун-Урт сумын 10 цэгт гурав, гурваараа ээлж болон гарна. Нэг ээлж нь таван цаг үүрэг гүйцэтгэх юм. Энэ хугацаандаа мэдээж иргэдийн хөдөлгөөнд хяналт бас  шаардлаа тавина. Харин тэдэнд ахмадын зөвлөлийн дарга Л.Ганбаатар үүргээ хэрхэн биелүүлж байгаад нь хяналт тавина. Зөвлөлийн гишүүдээ ажилд хуваарилахдаа ачаалал даах чадвар, биеийн байдал зэргийг харгалзан үзээд 60-аас доош насныханыгаа хамруулжээ.

Ийнхүү ахмад алба хаагчид ч аюулт өвчнийг даран авахын төлөө өөрсдийн чадахаараа л хичээж байна. Гагцхүү иргэд ухамсартай байж, шаардлагыг нь биелүүлэх хэрэгтэй. Шаардлага биелүүлэх ч биш нэгэнт л хорио цээрийн дэглэмтэй байгаагаас хойш иргэний үүргээ биелүүлэн гэртээ л байх ёстой. Заавал хэн нэгнээр хориулж цагдуулан, шаардуулах алба байхгүй шүү дээ…

Бид нэгдэж, нэг хүн шиг ойлголцож байж энэ аюулыг даван гарах учиртай. Сүхбаатарчууд чадна…

Т.ОДОНЧИМЭГ