Баруун-Урт сумын Хоёрдугаар сургуулийн 11Б ангийн сурагч Б.Нандинцэцэгийг зорин очиж ярилцлаа. Учир нь тэрээр Сүхбаатар аймгийн шилдэг уншигчийг шалгаруулах “Судар эгшиглэн” уралдаанд оролцож байгаа бөгөөд уншсан номынхоо тэмдэглэлийг үндэсний монгол бичгээрээ хөтөлж байгаа нь цахим орчинд олны анхаарлыг ихээр татаад байгаа юм.
-Өдрийн мэнд хүргэе. Шилдэг уншигч уралдаанд оролцохоор бүртгүүлснээсээ хойш хичнээн ном уншив. Яг одоо ямар ном уншиж байна?
-Баярлалаа. Нйт уншигчдадаа мөн энэ өрийн мэндийг хүргэе. Би он гарсаар таван ном уншсан. Миний хувьд өдөр бүр 5, 10 хуудас ном уншихыг хичээдэг. “Судар эгшиглэн” төслийн хүрээнд ном унших цагаа илүү нэмэгдүүлэн уншиж байгаа. Одоогоор Майк Викингийн “Аз жаргалын нууц” номыг уншиж байгаа. Сүүлийн үед аудио ном сонсож байгаа.
-Уншсан бүх номынхоо тэмдэглэлийг монгол бичгээр хөтөлдөг гэсэн. Яагаад монгол бичгээр хөтлөхөөр болсон юм бэ?
-Монгол хүн бүр монгол бичгээрээ бичдэг, уншдаг байгаасай гэж би хүсдэг. Үндэсний бичгээрээ ч тэр, крилл бичгээрээ ч тэр алдаагүй цэвэр бичдэг, хаана ч очсон төрөлх улсынхаа хэлийг илүү мэдэж, гайхуулдаг байгаасай гэж боддог. Миний хувьд үндэсний бичгээрээ дамжуулан бусдад уриалж, монгол бичгээрээ бичихийг хүсч байгаа хүмүүстээ урам өгөхийг зорин тэмдэглэлээ үндэснийхээ бичгээр хөтөлж байгаа. Энэ маань ч хүмүүст их таалагдаж байгаа юм шиг байна лээ, бас санаа авсан хүмүүс ч байгаа гэсэн.
-Монгол бичгээр бичихэд цаг хугацаа илүү орж байна уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Илүү нухацтай хандаж, тэмдэглэлээ хөтөлж байгаа. Миний хувьд өөртөө маш том зорилго тавьж тэмдэглэлээ хөтөлж байгаа учраас илүү их цагийг тэмдэглэлдээ зарцуулж байгаа. Ингэхээр миний монгол бичгийн мэдлэг ч дээшилнэ гэж бодож байгаа л даа.
-Бичиж мэдэхгүй үг, дүрэм гарч ирэх тохиолдолд яаж байна?
-Эхлээд өөрөө эрж, хайгаад үнэхээр мэдэхгүй эргэлзсэн асуултынхаа хариултыг багшаасаа авдаг. Багш маань ч маш хурдан ойлгомжтой хэлж өгдөг л дөө. Эрэл хайгуул хийхдээ ихэвчлэн монгол хүний бүтээсэн, бэлтгэсэн хичээл, платформыг ашигладаг. Монгол хүн бүрт үндэсний бичгээ сураасай, мэдэхгүй үгээ гар утаснаасаа хайгаасай гээд маш олон төрлийн платформууд байна. Тэр болгоныг туршиж, хэрэглэж байгаа. Мөн мэдэхгүй үгээ толь бичгээсээ хараад, түүнийгээ бичих замдаа нүдлэн тогтоогоод явж байгаа.
-Чиний хувьд хэддүгээр ангиасаа монгол бичиг үзсэн бэ, ер нь монгол бичгийн чудвараа дээшлүүлэхийн тулд хэрхэн суралцдаг вэ?
-Би 6-р ангисаа монгол бичгээ үзэж эхэлсэн. Аав, ээж хоёр маань монгол бичгээрээ бичдэг. Бичсэн үгийг нь дагаж бичиж, их нухацтай хардаг байсан. Мөн багшийнхаа заасан болгоныг одоо ашиглаж, тэмдэглэлээ хөтөлж байгаа. Монгол бичгээр бичсэн эхийг уншина, цаас л олдвол монгол бичгээр ямар ч хамаагүй зүйл бичнэ тэр болгон маань үндэсний бичгээр бичихэд маань нөлөөлсөн байх. Одоо уншсан номынхоо тэмдэглэлийг Монгол бичгээрээ хөтөлж байгаа нь чадвараа дээшлүүлж байгаа хамгийн зөв арга гэж боддог.
-Ер нь ном их уншдаг гэж сонссон. Яг ямар төрлийн ном зохиолд илүү дуртай вэ?
-Яг нэг төрлөө бариад суудаггүй ээ. Уран зохиолын ч тэр, хувь хүний хөгжлийн ном ч тэр бүх л төрлийн номыг уншихыг зорьдог. Дүү нартайгаа нийлээд хүүхдийн ном ч уншина. Яг нэг хэвийн ном уншвал сонирхолгүй санагддаг. Сар бүр өөр өөр төрлийн номуудыг уншихыг зорьдог доо. Ном уншихыг хүсдэг хүмүүс ямар ч хамаагүй номноос эхлээд сар бүр номныхоо төрлийг солиод уншиж байгаарай гэж хэлэхийг хүсэж байна.
-Ном уншиж байхад чинь төрдөг мэдрэмжээсээ хуваалцаач гэвэл?
-Ном унших нь нэг талаараа аялал, нөгөө талаараа кино шүү дээ. Уран зохиолын ном уншихаар нүдний өмнө хэзээ ч үзэж байгаагүй шинэ киног анхлан үзэж байгаа мэт. Уйлна, баярлана, уур ч хүрнэ. Хувь хүний хөгжлийн тухай ном уншихаар уран илтгэгчийн илтгэлд суусан юм шиг мэдрэмж төрүүлдэг. Ном унших мэдрэмж тэр чигээрээ гайхамшигтай. Намайг өөр өөр ертөнцөд ааачдаг.
-Чамайг бас гадаад хэл дээр ном уншдаг гэж сонссон?
-Тийм ээ. Ном уншдаг хүн бүрт унших төрөл нь илүү ихээр нэмэгдэж байдаг. Миний хувьд англи, орос хэл дээр ном уншиж эхэлж байгаа. Орос хэл дээрх зохиолуудаа уншаад өөрөө орчуулга хийж эхэлсэн. Гэхдээ өөрийнхөө түвшинд тохирсон ном, зохиол уншдаг. Цаашид гадаад хэлний мэдлэгийг бас сайжруулах зорилготой байгаа. Эхний ээлжинд эх хэл, үндэсний бичгээ маш сайн эзэмшинэ.
-Шилдэг уншигч шалгаруулах уралдаан анх удаа болж байгаа. Уралдааны талаарх чиний бодол?
-Маш хэрэгтэй, гэгээлэг төсөл болж байгаа. Оролцогчид нэг нэгнээсээ суралцаж, хэлэхийг хүсдэг, уриалахыг хүсдэг зүйлсээ энэ төслөөр дамжуулан хэлж байгаа. 4 настай дүү нараас маань эхлээд 65 настай буурай хүртэл ном гэх агуу зүйлсийн тухай ярилцаж, нэг нэгэндээ зааж сургаж, өөрийнхөө чадваруудыг харуулж байгаа нь үнэхээр гайхалтай, бахархууштай. Номын тэмдэглэлийг урлаж байгаа оролцогчдоороо нэн тэргүүнд бахархаж байна. Мөн энэхүү төслийн санаачлан зохион байгуулж буй эрхэм хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Оролцогчдодоо хандаж, бас үе тэнгийнхэндээ хандаж юу гэж уриалмаар байна?
-Оролцогчиддоо бүгдэд нь амжилт хүсье. Та бүгдээрээ үргэлж бахархаж, бас үргэлж суралцаж байгаа шүү. Үе тэнгийхэндээ хандаж хэлэхэд өөрийнхөө хийхийг хүсдэг зүйлсээ бүгдийг нь хийж үзээрэй, өнөөдөр боломж нь олдоогүй ч маргааш байгаа болохоор хүссэн зүйлийнхээ төлөө зүтгээд байгаарай. Цагаа дэмий зүйлд битгий үрээрэй гэж захимаар байна.
-Ярилцсанд баярлалаа. Чамд ч бас амжилт хүсье?
-Баярлалаа.
Т.ОДОНЧИМЭГ