Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д элсэж, гэрээ байгуулан Монгол Улсынхаа нэргийг гаргаж буй анхны бөгөөд цорын ганц тамирчин бол Данаагийн Батгэрэл юм.
Тэрээр 1989 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Түүний хүүхэд нас Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангид өнгөрчээ. Учир нь аав, ээж нь хоёулаа тэнд ажилладаг байж. Харин наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотруу шилжиж, эмээ ах нар дээрээ очжээ. Эрх зүйч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажилласан удаа байдаггүй. Багаасаа хөдөлгөөнтэй, дэггүй хүүхэд байсан болохоор спортоор хичээллэхээр шийдэж, нэг өдөр Спортын төв ордны хажуугаар явж байгаад дасгалжуулагч багш Ж.Нарантунгалагийн сургалтыг хараад шууд шавь орохоор шийдсэн гэдэг. Ингээд тэрээр 2007 оноос холимог тулааны спортоор хичээллэж эхэлсэн байна.
Товчхондоо ингэж л түүний дэлхийн хүү болох гараа эхэлсэн түүхтэй. Түүний зам дандаа дардан байгаагүй. Дэлхийн давцанд гарахын тулд өмнөх даваа болгоноо алдаж, онож амжилттай даван гарснаар энэ оргилд хүрсэн нь лав.
Тэгвэл Д.Батгэрэл 04 дүгээр сарын 25-ны өглөө UFC-ын дэвжээн дээр гурав дахь тулаанаа хийж, өрсөлдөгчөө ердөө 50 секундэд хүнд цохилтоор ялсан нь Монголчууд төдийгүй дэлхийн чихийг шуугиулж байна. Энэ тулаанаар дамжуулан Сүхбаатар нутгаас дэлхийн хүү төрөн гарсныг өнөөдөр л анх удаа мэдэж, сонсож байгаа хүн олон. Бүгд л бахархаж, омогшиж байна. Түүний энэ тулаан нь 1,1 жилийн дараа хийж буй тулаан аж.
Цаашид олон олон шилдэг тамирчинтай тулалдах хүсэлтэй байгаагаа тэрээр тэмцээний дэвжээн дээрээс хэлсэн юм. Ийнхүү дэлхийд улс эх орон, цаашлаад төрөлх Сүхбаатар нутгийнхаа нэрийг дуурсгаж буй тамирчнаа нутгийнх нь ахан дүүс дуу нэгтэйгээр уухайлан дэмжиж буйгаа илэрхийлсээр байгаа юм.
Т.ОДОНЧИМЭГ