Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Г.ЭРДЭНЭЧУЛУУН: ХАЛДВАР НЭМЖ БҮРТГЭГДЭЭГҮЙ 23 ХОНОСОН Ч БИД ХЯНАЛТАА СУЛРУУЛААГҮЙ

Эрдэнэцагаан суманд коронавирусний халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, улмаар сумандаа эмчлүүлэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн. Үүнээс хойш тус суманд өвчлөл бүртгэгдэлгүй 23 хонож байгаа юм. Тиймээс сумын өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуунаас тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ, анх нэг ой зургаан сартай хүүхэд халдвар авсан нь тандалтын шинжилгээгээр тогтоогдож, сумандаа тусгаарлан эмчилсэн. Энэ хугацаанд суманд тэг зогсолт хийж, бүх төрлийн худалдаа үйлчилгээ хүргэлтийн горимд шилжсэн.  Одоо ч бид Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн хөл хорионы дэглэмийг мөрдөж байгаа. Үүнтэй холбоотойгоор сумын хэмжээнд хяналтын долоон пост болон шуурхай штаб 24 цагаар ажиллаж, иргэдээс ирсэн гомдол, санал хүсэлтийг дор бүр нь шийдвэрлэн, бэлэн байдалд ажиллаж байна. Учир нь одоо ч тухайн халдварын эх үүсвэр нь тогтоогдоогүй байгаа. Хэдийгээр халдвар авсан хүүхэд эдгэрсэн ч бид гэр бүлийн гишүүд болоод ойр дотны ах дүүс, хамаатан садан гээд бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. Одоогоор илэрсэн сэжигтэй зүйл алга. Суманд халдвар бүртгэгдсэн цагаас хойш өнөөг хүртэл 10 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна. Хамгийн их зардал түргэвчилсэн оношлуурт гарч байна. Эхний ээлжинд 300 ширхэг оношлуур авсныг хэрэглээд, одоо нэмэлтээр дахин 500 ширхэгийг захиалаад байгаа. Сумын иргэд хөл хорионы дэглэмээ сайн сахиж байгаа. Харин уул уурхайн ажил эхлэх болсонтой холбоотойгоор замын хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс хяналтаа улам сайжруулах, бэлтгэл бэлэн байдлаа хангах ажилд голлон анхаарч байна гэв.

Т.ОДОНЧИМЭГ