Аймгийн Засаг даргын захирамжаар хөл хорионы энэ үед иргэдийг өглөөний 05-08 цагийн хооронд нийтийн эзэмшлийн талбайд дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн бөөгнөрөл ихээр үүсдэг хүүхдийн тоглоомын талбай болон чийрэгжүүлэлтийн талбайг ариутгажээ.
Энэхүү ажлыг аймгийн Биеийн тамир, спортын газраас санаачлан хийж, нийт 24 талбайг ариутгасан байна.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх замаар иргэдийн дархлааг дэмжих нь хөл хорионы энэ цаг үед хамгийн чухал ажил. Тиймээс манай газрын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн нөөцөд тулгуурлан энэхүү ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийсэн. Иргэд өдөрт хүлээн зөвшөөрөгдсөн хэдхэн цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлаа хангах нь чухал юм гэдгийг БТСГ-ын дарга А.Ганхүү хэллээ.
Мөн тус газраас иргэдийг дээрх цагт нийтийн биеийн тамираар хичээллэж, дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдолыг цахим орчинд сурталчилах, иргэдийг уриалах ажлыг зохион байгуулж байна.
Т.ОДОНЧИМЭГ