Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

2008 ОНЫ ТӨГСӨГЧИД АНЭ-Т ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА

Сүхбаатар аймагт ЕБС-ийг 2008 онд төгссөн төгсөгчид АНЭ-т нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлалаа. Тодруулбал нийт 3,5 сая төгрөгийн өртөг бүхий хандивт иж бүрэн зөөврийн хүчил төрөгчийн аппарат, дуслын автомат шахуурга багтжээ.

Сүхбаатар аймгийн харьяат, ХӨСҮТ-ийн эмч Б.Бат-Эрдэнэ болон бусад эрүүл мэндийн байгууллагад ажилладаг албан хаагчид санаачлан нийт төгсөгчдөө уриалжээ. Уриалгад ч 2008 оны төгсөгчид идэвхтэй хамрагдаж, ийнхүү анхныхаа үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, төгсөгчдийн төлөөлөл АНЭ-ийн дарга Д.Мөнхзулд хандивыг хүлээлгэн өгөв.

АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэлэхдээ, юуны өмнө 2008 оны төгсөгчдөдөө маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ бол манай эмнэлэгт нэн шаардлагатай байгаа төхөөрөмж. Хэдийгээр манайд байдаг ч хүрэлцээ муу, ялангуяа коронавиурсний халдварын энэ хүнд цаг үед сумдаас өвчтөн зөөвөрлөхөд хамгийн ихээр ашиглагддаг төхөөрөмж байгаа юм. Манайх алсын дуудлагын хоёр машиндаа хүчилтөрөгчийн нэг зөөврийн аппаратыг ээлжлэн ашигладаг байсан. Цаашид хоёр зэрэг дуудлаганд явж, эрсдэл бүхий өвчтөнд замд нь шаардлагатай эмчилгээ үйлилгээг үзүүлэх боломжтой боллоо. Үнэхээр цаг үеээ олсон, мэргэн сонголт бүхий тусламж байлаа гэдгийг онцлов.

Аймаг орон нутагт цар тахлын өвчлөл буурахгүй, эрүүл мэндийн байгууллагууд өндөр ачаалалтай байгаа нөхцөлд ийнхүү 2008 оны төгсөгчид бусдыгаа түүчээлсэн, басхүү уриалсан ажлыг зохион байгуулсанд эмч, эмнэлгийн ажилчид баяртай байгаагаа илэрхийлээд ажлын амжилт хүсч байлаа.

Т.ОДОНЧИМЭГ