Жил бүрийн 05 дугаар сарын 03-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиодог. Энэ жил тус өдрийг “Мэдээ- нийтийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд СЭТГҮҮЛЧ мэргэжлийн эзэн болсон тухайгаа сийрүүлэн бичсэн богинохон дурсамжаа уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.
Миний өвөө эмээ, ээж гээд бүгд багш хүмүүс байсан. Тиймээс би ч бас тэдэн шигээ сайн багш болно гэж боддог байлаа. Арван жилийн сургуулиа төгсөөд, ЭЕШ-аа ч амжилттай өгч Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийг авсан юм. Мөрөөдлөө биелүүлсэн би баярласан гэж жигтэйхэн. Зунжин ах дүүсээрээ их сургуулийнхаа хувиарийг мялаалгаж, нэг л мэдэхэд оюутны ширээнд суух цаг минь болж, муу аавыгаа дагуулаад Улаанбаатар хотыг зорьж билээ. Газар газраас ирсэн үе тэнгийн найзуудынхаа хамтаар учраа олж ядсаар, эхний хоёр долоо хоногийг өнгөрөөв. Нэг өдөр ангидаа сууж байтал тэнхимийн эрхлэгч, багш нар орж ирээд хэдэн хүүхдийн нэрийг дуудан өөр ангируу орохыг сануулаа. Тэд бол сэтгүүлчийн ангийн оюутнууд буюу ирээдүйн сэтгүүлчид байсан юм. Энэ чиглэлээр илүү сурч, ажиллах бүрэн чадамжтай гэж харсан байж ч магад. Мэдээж онцлон дуудсан нэрсийн дунд Туяахүүгийн Одончимэг гэдэг нэр гарах нь тэр. Ингээд л би гэдэг хүн хүсэж мөрөөдөөгүй ч хийж чадах зүйл минь энэ л юм байна гэдгээ өдрөөс өдөрт ухаарч буй энэхүү сайхан мэргэжлээ эзэмшсэн юм даа. Заримдаа өөрийгөө шохой бариад самбарын өмнө зогсож байна гэж бодохоор үнэндээ төсөөлөгддөггүй шд. Учир нь энэ миний хийж чадах ажил биш байсан. Магадгүй би мэргэжлээ биш, мэргэжил минь намайг сонгосон байх.
Курс ахих тусам мэргэжлийнхээ сайханд дурлаж, шамдан суралцсаар байлаа. Гэхдээ би сурч байхдаа нэг л зүйлийг зорьж байсан юм. Төгсөөд нутагтаа л очиж ажиллана гэж.
Зорилго маань ч биелэсэн. 2011 онд сургуулиа төгсөж ирээд орон нутгийнхаа ЭсБи телевизээс ажлынхаа гарааг эхэлсэн дээ. Ажилд ороод миний хамгийн эхэнд бэлтгэж байсан мэдээ аймгийн Замын цагдаагийн тасгаас жил бүр зохион байгуулдаг Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн байсан. Тухайн үед манай телевизийн сэтгүүлчээр Б.Өлзийтогтох, Г.Баярцогт ах хоёр маань байсан л даа. Загнуулж, зэмлүүлж, хийсэн мэдээ маань гологдоно. Нэг жижигхэн мэдээг хэдэн удаа бичиж байж сая нэг бэлэн болгоно. Хэдий номыг нь заалгадаг ч хүн ихэнх туршлагаа ажлын байран дээр гарч, өөрөө хийж үзэж байж олж авдаг юм билээ. Би одоо ч суралцсаар л байна.
Хүнд анхны ажил, анхны хамт олон гэдэг чухал. Эс Би телевизийн захирал С.Бямбасүх, найруулагч Ц.Энхбаатар нарын ах нар маань намайг халуун дотноор угтан авч, их ч зүйлийг зааж сургасан даа. Би тэдэндээ үргэлж талархаж явдаг юм. Ажлын амтыг мэдэрч, хамт олон гэдэг чухам юу вэ гэдгийг ЭсБи телевизийнхээ үе үеийн хамт олноос мэдэрдэг юм. Бүр төрчихөөд нэг сар болдог өдрөө хүүхдээ тэврээд л шууд ажилдаа орж байж билээ. Тэгж л ажилдаа дурладаг. Энэ зан маань одоо ч хэвээр. Ер нь тэгээд хүн ямар ч ажилд өөрөө дурлаж, чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй гэж би боддог.
Тус телевизэд байхад Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Сүхбаатар аймаг дахь сурвалжлагч Г.Сүхээ ах маань тэтгэвэртээ сууж, өөрийнхөө ажлыг үргэлжлүүлэх саналыг надад тавьж, хэдэн сар орон нутгаасаа мэдээгээ явуулж байж эцэст нь тэнцэж билээ. Бас яг тухайн үед МҮОНРТ-ийн сурвалжлагчаар ажиллах боломж гарч, өдгөө зургаа дахь жилдээ энэ хоёр том айлын нэгэн эд эс нь болж, ажиллаж байна. Улсынхаа ууган хоёр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харьяалагдана гэдэг том завшаан. Тийм болохоор энэ бүхнийг надад өгч, намайг дандаа сайн сайхан зүйлтэй учруулж байдаг ажилдаа, мэргэжилдээ би хайртай.
Дахин нэг дурсамжийг сөхье. Энэ мөн л миний хэвлэл мэдээллийн салбарт ажилласан 10 жилтэй салшгүй холбоотой. Сүхбаатар аймгийн БиБиЭс телевиз. 2007 онд анхны эфирээ цацаж арван жилийн сурагч бидэнд орон нутагт ч өөрийн гэсэн телевиз байж болдог гэдгийг мэдрүүлж байсан нь саяхан. Гэтэл эфирийг нь үзэж, ажилчдыг нь харж гайхаж суусан надад энэ байгууллагаар овоглох үе ч байлаа. Хоёр жилийн хугацаанд гар, сэтгэл нийлсэн ах дүү, найз нөхөдтэйгөө дурсамжтай, сургамжтай цаг үеийг би тэнд өнгөрүүлсэн.
Сүхбаатар аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллага гэвэл гарын таван хуруунд л багтана. Яг салбарынхаа галыг нь манаж, чин үнэнчээр ажиллаж буй нь цөөхөн. Бид бүгд л өөр өөрсдийн чиглэлээр сэтгүүл зүйн хэм хэмжээг баримтлан мэргэжлийн түвшинд ажиллахыг зорьж байна. Үүнийгээ ч биелүүлдэг гэдэгт би итгэдэг. Харин төрийн удирдах байгууллага, агентлаг албад гадныхныг шүтэх бус орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжиж, хамтран ажиллаж сураасай. Ингэж чадвал үе үеийн чадвартай боловсон хүчин, бүхий л техник хэрэгсэл, хамгийн гол нь ажлаа гэх чин сэтгэл бидэнд байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.
Би 11 дэх жилдээ энэ салбарт ажиллаж байна. Зам минь дандаа дардан байгаагүй ээ. Шантрах, алдаж онох үе байсан. Гэхдээ л бууж өгөөгүй, илүү ихийг хийнэ гэдэг зориг минь мохоогүй. Гагцхүү одоо ч энэ зориг минь байгаа учир илүү ихийг мөрөөддөг байх. Ёстой нөгөө хүнд хэлэхээс санаа зовмоор томоор мөрөөд гэдэг шиг тархиндаа элдвийг төсөөлөн том томыг мөрөөдөн эдгээр өгүүлбэрийг өөрийн орон зайдаа тавтай гэгч нь бичиж сууна.
Хэдхэн жилийн өмнө “Сүхбаатарын өнгө” сонин орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн салбарт дутагдаж байсан томоохон орон зайг нөхөн гарч ирэн, одоо улсдаа үнэлэгдсэн сонин болжээ. Үүнтэй адил аймагт маань бас үгүйлэгдэж байсан нэг зүйл болох цахим сэтгүүлзүй, тэр дундаа мэргэжлийн сайт байгуулах хэрэгтэй юм байна гэдгийг олж хараад энэ ажилд ханцуй шамлан орсон. Албан ёсны эрхээ авч, сайтын маань үйл ажиллагаа богино хугацаанд жигдэрсэн. Редакцыг минь үнэлж, биднийг гэх уншигч, үзэгч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоо үүнийхээ төлөө л зүтгэнэ. Сүхбаатар аймгийн анхны мэргэжлийн сайт Sbinfo.mn Энэ бол одоогийн миний орон зай…
Т.ОДОНЧИМЭГ