Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

С.БАТХҮҮ: УУРХАЙН АЖИЛ ЗОГССОН ХУГАЦААНД УЛСЫН ТӨСӨВ 4,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАСАРСАН

Улсын төсөвт өдөрт 170 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг Цайртминерал ХХК-ийн үйл ажиллагаа цар тахлаас шалтгаалан доголдсон. Нэг сар гаруйн хугацаанд бүр зогсонги байдалд ч орсон. Харин 4 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр уул уурхайн салбарын ажлыг хэийн үргэлжлүлэхээр олсон билээ. Үүнтэй холбоотойгоор цаг үеийн асуудлаар тус компанийн ерөнхий захирал С.Батхүүтэй ярилцлаа.

-Цар тахлаас шалтгаалан уул уурхайн салбрын ажил хэдэн сар зогслоо шүүдээ. Энэ хугацаанд уурхайн нөхцөл байдал ямар байв?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 дэгдсэн хүнд үед “Цайртминерал” ХХК үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд бүхий л боломжоо дайчлан ажиллаж байсан ч Дорноговь аймагт халдвар бүртгэгдсэнээс шалтгаалан 2020 оны 11-р сард авто тээвэр зогсож нэг сар орчим хугацаанд борлуулалт тасалдсан. Үүнээс хойш Сүхбаатар аймагт өвчний тохиолдол бүртгэгдэх хүртэл хугацаанд ажиллаж байгаад 2021 оны 3-р сарын 28-аас эхлэн Төмөртийн-Овооны уулын үйлдвэр болон авто тээвэр бүрэн зогссон. Манай компанийн дийлэнх ажилчид болон туслан гүйцэтгэгч компанийн ажилчид Баруун-Урт хотоос өдрийн ээлжээр ажилдаа явдаг онцлогтой тул аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу хатуу хөл хорио тогтоосны дагуу үйлдвэрлэлийг бүрэн зогсоосон байдалтай байлаа.

-Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр уул уурхайн салбарын ажлыг хэвийн үргэлжлүүлэх болсон. Тэгвэл одоо яг ямар зарчмаар ажиллаж байна?

-Монгол Улсын Засгийн газрын бодлого, Улсын онцгой комиссын шийдвэрээр стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах шийдвэр мөрдөгдөж байсан ч манай уурхайн байршил онцлогоос шалтгаалан аймгийн онцгой комиссын шийдвэрийг дагахаас өөр боломж байсангүй. Гэхдээ энэ үе удаан үргэлжлэх нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан аймгийн онцгой комисстой зөвшилцсөний дагуу ажилчдын 1-р ээлжийг 4-р сарын 9-нд аймгийн төвөөс гаргаж тусгаарлалтад оруулж PCR шинжилгээ авч эрүүл болохыг баталгаажуулсны дараа уурхайн бүсэд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар уурхайд 2-р ээлжийн ажилчид очсоноор үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэх боломж бүрдсэн. Аймгийн онцгой комиссын 2021 оны 4-р сарын 25-ны шийдвэрийн дагуу авто тээвэрлэлтийн үйл ажиллагааг 4-р сарын 27-ноос эхлэн сэргээж байна. Уурхайн бүс болон Наадаан ресорт амралтын газарт үйлдвэрийн ажилчдыг түр байрлуулж ажлаа явуулж байна. Харин туслан гүйцэтгэгч Хун Ша и Жан компанийн ажилчдыг татан авах боломжгүй байгаа нь цаашид үйлдвэр хүдрийн дутагдалд орох хүндрэл үүсэхээр байна.

-Тээвэрлэлт яаж хийгдэж байна?

-Тээврийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна, цаг үеийн хүндрэлтэй нөхцөлд тохируулан хариуцлагатай байж мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагын хүрээнд халдвар хамгааллын журмыг мөрдөн ажиллахыг гүйцэтгэгч компаниудад албан ёсоор шаардаж байгаа. Уурхайн бүс ногоон /эрүүл/ түвшинд байгаа учир баяжмал ачилтыг тодорхой томилогдсон ажилтан хийж гүйцэтгэх бөгөөд тээврийн жолооч нартай шууд харьцахгүй тодорхой зай барьж ажиллаж байгаа.

-Цайртминерал ХХК бол аймаг орон нутаг төдийгүй улсын төсөвт багагүй хөрөнгө төвлөрүүлдэг. Өнгөрсөн хугацаанд төсөвт хэдий хэмжээний хөрөнгө оруулахаар байв?

-Сүүлийн гурван жилийн дунджаар тооцоход манай хамт олон улсын төсөвт нэг хоног тутамд 170 гаруй сая төгрөг төвлөрүүлж байгаа. Үүнийг түр зогссон хоногт шилжүүлэн тооцоход 4.4 тэрбум орчим төгрөгөөр улсын төсөв тасарч байна.  Мөн туслан гүйцэтгэгч компаниудын орлого тасарч байгаа нь улсын төсвийн бүрдүүлэлтэд багагүй дутагдал үүсгэхээр байна.

-Одоо уурхай яг хэдэн ажилтантай байна. Өнгөрсөн хорио цээрийн дэглэмийн хугацаанд цомхотгол хийгдэв үү. Ажилчдын нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэв?

-“Цайртминерал” ХХК-ийн 320 монгол ажилтан байдаг. Мөн туслан гүйцэтгэгч компаниудын 220 гаруй монгол ажилтан байна. Өнөөдрийн хүнд нөхцөлд бүх ажилчдаа авч үлдэн хамтдаа даван туулах гэсэн сонголтыг компани хийсэн. Ямар нэг орон тоо цомхотгол хийгдээгүй. Төлөвлөгөөний дагуу ажилчдын тал хувийг үйлдвэрийн бүсэд татан авсан, үлдсэн ажилчдаас гэрээр ажиллах боломжтойг нь хуваарилсан, мөн Баруун-Урт хотын дөрвөн цэгт гурван ээлжээр нийт 16 ажилтан эргүүлд гарч байгаа. Ингээд үлдсэн ажилчдыг Хөдөлмөрийн хууль болон бусад хуулийн хүрээнд гамшгийн үеийн нөхцөлд үндсэн цалингийн 50 хувийг олгох зохицуулалт байдаг ч эхний сард цалинг бүтэн олгосон. Харин цаашид энэ байдал удаан үргэлжлэхэд компаниас дараагийн сонголт болох ээлжийн амралт авах, эцэст нь ажилд гарах боломжгүй аймагт байгаа ажилтанд 60 хувийн цалин олгохоор шийдвэрлээд байгаа.

-Халдвараас ажилчдаа урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах чиглэлээр компанийн зүгээр ямар арга хэмжээг авч байна?

-Үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой явагдаж байх нь “Цайртминерал” ХХК-ийн нийт ажилчид болон орон нутаг улсад туйлаас чухал юм. Цар тахал дэгдсэн онцгой нөхцөлд үйлдвэрийн бүсийг ногоон /эрүүл/ түвшинд байлгах төлөвлөгөөг зохих шаардлагын дагуу батлан хэрэгжүүлж компанийн ажилтан нэг бүр мөрдөж байна. Салбарын яамнаас уурхайчдыг вакцинжуулах шат дараалсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тул ойрын үед ажил хэрэг болно гэж найдаж байна. Манай компани ч хүлээн авах бэлтгэлээ хангасан. Мөн ажилчдын дархлааг дэмжих зорилгоор витамин C, D олгож байна. Үйлдвэрийн бүсэд онцгой тохиолдол гарахад хэрэглэх ариутгах бодис, хамгаалах хэрэгсэл, түргэвчилсэн оношлуурын нөөцийг бүрдүүлсэн.

-Үйл ажиллагаа явагдаж эхэллээ шүү дээ. Гарч буй хүндрэл бэрхшээл юу байна, Төр засгийн гаргаж буй шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэр нийцтэй байна?

-Цар тахалын нөхцөлд ажиллаж байсан туршлага аль ч салбар, иргэдэд дутмаг. Цаашид хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус ийм нөхцөлд эхний ээлжид халдвар хамгааллын дэглэм баримтлах нь хүн бүрийн үүрэг харин төрөөс вакцинжуулалтыг яаралтай хийх нь ойрын гарц байна.

-Цаашид яавал илүү үр дүнтэй байхаар байна. Таны санал?

-Ковидын тархалтыг тогтоож хяналтад оруулах хүртэл үйлдвэрийн үйл ажиллагааг хатуу дэг журмын дагуу тогтвортой явуулах нь бидний зорилт болж байна. Засгийн газар эдийн засгийн ач холбогдол бүхий салбарт илүү их анхаарал хандуулж вакцинжуулах ажлын хүрээг өргөжүүлэх, хангамжийг сайжруулах нь цар тахалыг зогсоох нэн шаардлагатай арга хэмжээ гэж бодож байна.

-Зав гарган ярилцсанд баярлалаа.

Т.ОДОНЧИМЭГ