Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРГИЙН ЗАМЫГ 7 ДУГААР САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Сүхбаатар аймгийн Засаг дарга энэ дөрвөн жилийн хугацаанд Баруун-Урт сум доторх бүх авто замуудын бүтээн байгуулалт, засварын ажлыг бүрэн хийж дуусгана гэж төлөвлөсөн. Одоогоор Баруун-Урт сумын дөрөвдүгээр тойргийн замын ажил хийгдэж байгаа бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус замыг 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэхүү замын ажлын явцтай аймгийн Засаг дарга М.Идэрбат биечлэн танилцлаа. Тэрээр, хамгийн гол нь ажлаа чанартай гүйцэтгэж, товлосон хугацаандаа хүлээлгэж өгөхийг анхаарууллаа.

Энэ онд ОНХС-ийн нэг тэрбум гаруй төгрөгөөр Баруун-Урт сумын хоёрдугаар тойргийн замд их засвар шинчлэлийн ажил, мөн 3 дугаар багт 1,1 км хатуу хучилттай зам шинээр ашиглалтад орно. Харин  2021-2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт сумын тавдугаар тойргийн 5,65 км зам, нэгдүгээр багт хамаарах 3 км замууд шинээр хийгдэнэ. Ингэснээр аймгийн төвийн авто замын сүлжээ бүрэн шинэчлэгдэж дуусах юм.

Т.ОДОНЧИМЭГ