Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГИЙНХНИЙ САНАЛЫГ СОНСОВ

Баруун-Урт суманд хувийн  хэвшлийн гурван эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. УИХ-ын гишүүн Н.Ганибал тус эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон юм. Энэ оны 3 дугаар сарын 1-нээс хувийн эмнэлэгүүдийг үйлчлүүлэгчдээс ор хоногийн төлбөр авахыг хориглосон шийдвэр нь хувийн хэвшлийнхэнд тийм ч таатай бус,цаашлаад үйл ажиллагаанд нь нөлөөлж байгааг тэд хэлж байна.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ-аар эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор заавал саналаа хэлэх болно. Мөн Эрүүл мэндийн сайдтай биечлэн уулзаж энэхүү шийдвэрийн талаар тодруулж, энэ нь орон нутагт хувийн хэвшлийнхэнд хэрхэн хүнд тусч байгаа талаар заавал ярилцах болно.” гэв.

Мөн тэрээр цар тахлын хүнд хэцүү цагт төрдөө нэмэлт хүч болон ажиллаж байгаа тэдэнд тусгайлан талархал илэрхийлэн, ажлын амжилт хүсээд эмнэлэг тус бүрт таван ширхэг даралтны аппаратыг дурсгав.

Оточ болор, Эхэн-Ус, Мижарс эмнэлгүүд нь амбулаторийн үзлэг болон хэвтүүлэн эмёлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг эмнэлгээр жилд дунджаар 50-500 хүн хэвтэн эмчлүүлж, амбулаторийн үзлэгт жилд 1000 гаруй хүн үйлчлүүлдэг бана. Ингэж тэд өлсын эмнэлгийн ачааллаас үүрэлцэхээс гадна хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй юм.

Т.ОДОНЧИМЭГ