Сүхбаатар аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын 21 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 1001, нас баралт гурав болов. Тухайн иргэн нь гемодиализын аппаратны эмчилгээнд ордог байжээ. Өөрөөр хэлбэл бөөрний архаг дутмагшил, коронавирусний халварын хүнд хэлбэрээр нас барсан байна.
Шинэ тохиолдлыг харьяаллаар авч үзвэл Баруун-Урт 15, Уулбаян нэг, Дарьганга хоёр, Асгат суманд гурван тохиолдол нэмэгджээ.
Эрүүл мэндийн байууллагад нийт 360 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс тусгаарлах эмнэлэгт 280, сумдын ЭМТ-д 70 иргэн байна. Эмчлүүлэгсдийн нэг хувь нь биеийн байдал хүнд байна гэж ЭМГ-аас мэдээллээ.
Аймгийн хэмжээнд 58 голомт байгаагаас 11 нь идэвхгүй болжээ. Идэвхтэй 47 голомтын 90 орчим хувь нь зөөвөлөгдөн ирсэн буюу эх үүсвэр нь тодорхой голомтууд байна.
Сүхбаатар аймгийн сумдаас Баруун-Урт сум халдварын хамгийн өндөр эрсдэлтэй сум байгаа бөгөөд нийт тохиолдол 440 болжээ. Хэдий эрсдэл ийнхүү өндөр байгаа ч сум доторх хөл хөдөлгөөн эмч замбараагүй хэвээр байгаа юм. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, бага насны хүүхдийг дагуулж гадуур гарахгүй байх, худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ өөрийгөө болон бусдыг хамгаалж, тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхаарууллаа.