Улсын төсвийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн Уулбаян суманд баригдсан сурагчдын дотуур байр ашиглалтад орлоо. Байрны өрөө тасалгаануудын тохижилт болон тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг БШУЯ болон сум, сургуулийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийжээ.
Манай байр гал тогоо, халуун ус, ариун цэврийн байгууламж гээд хүүхдийн амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлж чадсан. Гал тогоонд гэхэд зөвхөн яамны хөрөнгө оруулалтаар нэг, хоёрдугаар хоолны тогоо, хоол бэлтгэлийн ширээ, буузны жигнүүр, аяга таваг ариутгагч, цахилгаан махны машин, шарах шүүгээ, хөргөгч хөлдөөгч, гурил зуурагч машин, хоолны ширээ сандал гээд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж ирсэн. Одоо хүүхдүүд маань зөвхөн хичээлдээ явах гэж л гадагш гарч байна. Бусад бүх үйлчилгээ дотроо бий. Ингэхээр хүүхдүүдийн аюулгүй байдлыг ч бүрэн хангаж буй сайн талтай. 75 хүүхдийн хүчин чадал бүхий дотуур байранд одоогоор 50 хүүхэд амьдарч байна. Өвлөөс байранд амьдрах хүүхдийн тоо нэмэгддэг гэж сургуулийн захирал З.Эрдэнэчимэг хэллээ.