Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭРДЭНЭМАНДАЛ ХИЙД ДАХИН СЭРГЭСНИЙ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ

Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн үүсгэн байгуулагдсаны 225, дахин сэргэсний 30 жилийн ой тохиож байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ойн нээлтийн арга хэмжээ болон, эрдэм шинжилгээний хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулжээ.

Ойн хүрээнд Бурханы шашин ба Монголын оршихуй сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Хуралд Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамба лам, лхаарамба Монгол багш Д.Жавзандорж болон аймаг орон нутгийн удирдлага, сумдын лам нарын төлөөллүүд оролцов. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь баярын нээлтийн арга хэмжээнд оролцож,  зарим лам хуврагуудад төрийн болон орон нутгийн нэрэмжит шагналыг гардуулан өгсөн юм.

Эрдэнэмандал хийдийн үүсгэн байгуулагдсан тухай

Тус хийд нь 1796 онд 4-р Богд Жавзандамба хутагтын зарлигаар байгуулагджээ.  Энэхүү хийд нь Халхын сэцэн хан аймгийн Гадин засгийн хошууны Эрдэнэмандал овооны энгэрт долоон дацан, дөрвөн хүрээ, олон олон дугантай байсан бөгөөд олноо Мандалын нэрээр алдаршин 140 гаруй жил оршин тогтножээ. Горооныхоо баруун талд вааран эдлэл, цутгуурын үйлдвэртэй, тоосго шатаадаг гурван том баюутай байсан ба гар урлал тэр дундаа монгол гутлын урлал маш сайн хөгжсөн байв. Хийдийг үүсгэн байгуулахад хошуу тамгын газар болон тэр үеийн ихэс ноёд гол өглөгийн эзэд болж байжээ. 1930-аад оны байдлаар 1000 гаруй ламын данстай, өдөр тутмынхуралд хурдаг 600 гаруй ламтай, дүйчин их хурлын үеэр нийтдээ 900 орчим лам болж өргөждөг байж. Ийм том хийд цөвүүн цагийн их хэлмэгдүүлэлтэд өртөж үгүй болсон түүхтэй.

Улмаар 1991 оны 4 дүгээр сарын 28 буюу 17-р жарны төмөр хонин жилийн хаврын адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Эрдэнэмандал хийд дахин нээгдэж, Баруун-Уртын дэнжид дээдийн номын дуу дуурссан аж. Энэхүү үйлийг анхлан санаачлагчид нь Д.Даваажав, Б.Самдан, Б.Лувсаншарав, Д.Умбаа, Б.Жамба нарын 30 орчим хүн байлаа. Эрдэнэмандал хийдийн нээлтийн хуралд 4000 гаруй хүн оролцож байсан гэж тухайн үеийн хурал даган баясал бичсэн хүн ярьжээ. Энэ цагаас хойш өнөөг хүртэл Эрдэнэмандал хийд олон ямнган сүсэгтний өргөл хандиваар оршин тогтносоор байна. Хийд шашин номын ажлаа өргөжин тэлж, өдгөө дэргэдээ Баян-Эрхт шашны сургуулийг ажиллуулж байна. орон нутагтаа лам боловсон хүчнээ бэлтгэх, үндэсний шашин соёлоо дэлгэрүүлэх зорилготойгоор анх нээгдсэн юм. Одоогоор тус сургууль нь гурван багштай бөгөөд Сүхбаатар аймгийн 13 сумын сүм хийд, Увс, Говьсүмбэр аймаг, Улаанбаатар хотоос  нийтдээ 20 гаруй шавь сурагчид суралцаж байна. бурханы шашны уншлага, Чойр, нэр орчуулга, Лавжаа гэсэн дөрвөн чиглэлээр сургалтыг явуулж, аймгийн НТБТ-тэй хамтран ерөнхий боловсролын сургалтыг хамт олгож байна.

Хийдийн Их цогчигн дуганыг 2018 шинээр барьж ашиглалтад оруулсан билээ.