Улсын төсвийн 648 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэж буй Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн их засварын ажил 80 хувьтай үргэлжилж байна. 1984 онд ашиглалтад орж байсан уг цэцэрлэгт 2012 онд дээвэр, сангийн шугам, анги танхимын дотоод засал зэрэг хэсэгчилсэн засвар хийснээс хойш яг ингэж бүрэн хэмжээний их засвар хийгээгүй аж .
Манай компани гүйцэтгэлийн гэрээг 6 дугаар сарын 26-нд байгуулж, 7 дугаар сарын 1-нээс засварын ажлыг эхлүүлсэн. Хичээл эхлэхээс өмнө буюу 8 дугаар сарын 26-нд хүлээлгэн өгөх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдож, гэрээг дахин сунган ирэх 10 дугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь гүйцэтгэл сайн явж байгаа. Гадна пасад болон дотор ерөнхий засварын ажлууд дууссан. Одоо өрөөнүүдийн хаалгыг суулгах болон бохирын шугамыг солих ажил хийгдэж байна гэж гүйцэтгэгч Норкут констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баянмөнх хэллээ.
Тус цэцэрлэг нь 160 хүүхдийн хүчин чадалтай ч энэ хичээлийн жилд таван бүлэгт 170 хүүхэд хүлээн авахаар төлөвлөжээ. Одоогоор цэцэрлэгт харъяалагддаг гурав, дөрвөн настнууд цахимаар сургалтаа авч байгаа бол таван настнуудыг Баруун-Урт сумын найм, есдүгээр цэцэрлэгт нэг нэг бүлгээр хичээллүүлж байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Оргодол ярилаа.