Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд цахим орчинд залилах, мэхлэх төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болжээ. Тус аймгийн хэмжээнд 2021 оны эхний найман сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 30 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 нэгжээр буюу хоёр дахин өсчээ. Хамгийн дээд тал нь 26 сая төгрөгөө залилуулсан хэрэг аймгийн ЦГ-т бүртгэгдсэн байна.
Тодруулбал, танд гадаадаас илгээмж ирсэн байна. Гаалийн татвар болон бусад зардлыг шилжүүлбэл илгээмж таны гар дээр очно. Их хэмжээний бэлэн мөнгөний илгээмж байна гэж өөрт нь хандсан үл таних этгээдэд 26 сая төгрөгөө залилуулжээ.
Иргэд цахим хаягныхаа аюулгүй байдал, нууц үгийг алдсанаар гэмт хэрэгтэн хохирогчийн өмнөөс ойр дотны найз нөхөд, гэр бүл, хамт олноос нь мөнгө зээлж авах тохиолдол орон нутагт хамгийн их гарч байна. Мөн цахим худалдан авалтын хохирогч болох гадаад улсаас бага хүүтэй их хэмжээний мөнгө зээлдүүлэх санал тавих, нэр дээр нь илгээмж ирлээ гэх мэтээр иргэдийг хохироох тохиолдлууд байна. Залилах гэмт хэрэг бол бусад төрлийн гэмт хэргээс ялгарах гол онцлог нь хохирогч өөрөө боломжийг бусдад олгодогт байдаг. Иргэн хүн өөрөө л сонор сэрэмжтэй байж, аливаа зүйлийг нягтлан шалгадаг байвал үүнд өртөж хохирохгүй байх бүрэн боломжтой гэж ЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Буянтогтох хэллээ.
Иргэдийг цахим залилангийн гэмт хэрэгт өртөх эрсдлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн боловсрол олгох зорилгоор Монгол банк, ЦЕГ-аас “Ятгах тусам нягтал” аныг гурав дахь жилдээ өрнүүлж байгаа. Энэ хүрээнд орон нутагт иргэдийг мэдээ мэдээллээр хангах ажлыг Монгол банкны Сүхбаатар аймаг дахь салбар, Цагдаагийн газкрууд хамтран тогтмол хийж байна.