Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЗАРИМ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД НОМ, ТОГЛООМЫН БАГЦ ӨГЛӨӨ

 

Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Зурагт ном” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн зарим сургууль, цэцэрлэгүүдэд ном, тоглоомын багцыг хүлээлгэн өглөө. Тодруулбал, Уулбаян сумын ЕБС, Баруун-Урт сумын есдүгээр цэцэрлэг, Эрдэнэцагаан сумын хоёрдугаар цэцэрлэг, Наран, Дарьганга, Уулбаян сумдын цэцэрлэгт дээрх багцыг өгсөн юм.

Сургууль, цэцэрлэгт олгож буй нэг багцад нийт 157 ширхэг хүүхдийн танин мэдэхүйн ном, 12 төрлийн тоглоом багтжээ. Тоглоомуудыг хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйд нэн тустай, эдэлгээ сайтай бат бөх байдлыг нь шалгуур болгон сонгосон байна.

Японы жүжигчин, уран бүтээлч Дийн Фужиока зурагт номоор дамжуулан хүүхдүүдэд суралцах боломж олгох зорилгоор интернетээр хандив цуглуулж, энэхүү ном, тоглоомын багц илгээх аянаа өрнүүлжээ. “Зурагт ном” төслөөр орон нутаг болон бизнесийн төрийн өмчийн 40 цэцэрлэг, сумын төвийн дөрвөн сургуулийг багцаар хангах юм.

Төсөл дэлхийн олон улс оронд хүрч байгаа бөгөөд Монгол Улсаас Улаанбаатар хотын гурван дүүрэг, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь аймгийн сургууль цэцэрлэгүүд сонгогджээ.  Монгол Улсад төслийг хэрэгжүүлэгчээр Хүүхдийг ивээх сан ажиллаж байгаа аж.