Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймагт олон нийтийг хамарсан хэд хэдэн томоохон арга хэмжээ болсон. Тэдний нэг нь “Намрын ногоон өдрүүд Сүхбаатарт үйлдвэрлэв-2021” үзэсгэлэн худалдаа байлаа. Энэ бол иргэдэд орон нутагтаа үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, олон төрлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр, нэг дороос худалдан авах боломжийг олгодог арга хэмжээ. Үйлдэрлэл үйлчилгээ эрхлэгчид ч үүгээр дамжуулан өөрсдийгөө олон нийтэд танилцуулж, бүтээгдэхүүнээ сурталчилж, өөр хоорондоо туршлага солилцдог давуу талтай.
10 дугаар сарын 8, 9-ний өдөр болсон үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр аймгийн засаг дарга М.Идэрбат, үйлдвэрлэл үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдийг орон нутагтаа тогтвортой үйл ажиллагаа явуулж, амжилттай ажиллахад анхаарч, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар тэднийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Цар тахлын улмаас хоёр жилийн дараа зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос иргэд төдийгүй аймаг, орон нутгийн удирдлагууд, зохион байгуулагчид шинэ, шинэлэг зүйлийг хүлээж байсан нь мэдээж. Гэвч…
Гэвч харамсалтай нь энэ хүлээлт талаар болов. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдэд амаргүй цаг үе байсан ч нөгөө талаар өөрсдийн бүтээгдэхүүний чанараа сайжруулахад анхаарахад хангалттай хугацаа байсан. Гэтэл үзэсгэлэн худалдаанд нөгөө л нэг уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээ, төмс хүнсний ногоо, монгол дээл хувцаснууд ихэнх хувийг эзэлж байв. Нэр төрлийн хувьд шинэлэг гэх зүйлгүй, гялгар уутанд хийж, гараар хийсэн хаяг шошготой хэвээр. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдэд болж байсан үзэсгэлэн худалдаатай харьцуулахад оролцогчдын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлоос эхлээд өнгө үзэмж, чанар муу, нэр төрлийн сонголт цөөн байсныг шүүмжлэх иргэд цөөнгүй байлаа. Мэдээж гурил гурилан бүтээгдэхүүн, сур, эсгий, мод, төмөр, гоёл чимэглэлийн гар урлалын бүтээгдэхүүнүүд, мод бутны худалдаа уламжлал ёсоор дэлгэгджээ.
Хариуцсан газар, холбогдох мэргэжилтнүүд нь өөр өөрсдийн сумын үйлдвэрлэл эрхлэгчдийг бүрэн хамруулж чадсангүй юу, эсвэл үнэхээр шинэ шинэлэг зүйлийг үйлдвэрлэх боломж бололцоо орон нутагт алга уу? Энэ удаагийн оролцогчдын хандлага нэг л тийм сулхан…
Уг нь Засгийн газар, Орон нутаг, холбогдох төрийн байгууллагуудын зүгээс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Гэвч яг энэ үзэсгэлэн худалдаанаас энэ бүхний үр дүн үл харагдана. Ямартай ч зорин зорин ирсэн иргэд сэтгэл дундуур буцах нь элбэг байлаа. Би ч тэдний нэг. Сум болгоны асраар зочилж, нүдээрээ харж, гараа барьж үзээд ч нээрээ л шинэлэг гэх бүтээгдэхүүн олж харсангүй. Орон нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногооноос хэд хоногийн хэрэгцээгээ аваад буцав. Үнэндээ өөрөөр, үгүй ээ энэ чинь гээд сонирхож, шохоорхоод худалдаад авчих зүйл олсонгүй.
Сүхбаатарчууд хэзээ жинхэнэ үйлдвэрлэгч болох бол гэдэг бодол тэр өдрөөс хойш хэдэн өдөр толгойд эргэлдэв…
Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаад яг энэ чиглэлээр гадаад зах зээлийг хөгжүүлнэ гэж яривал, уучлаарай боль гээд л шууд хэлчихмээр…
Сүхбаатарт үйлдвэрлэв- 2021 үзэсгэлэн худалдаанд 11 сумын 100 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцсон. Мэдээж бүгдийг хангалтгүй гэвэл өрөөсгөл. Олны дунд шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, орчин үетэйгээ хөл нийлүүлэх гэсэн нэгэн бий. Үндэсний хэв шинжийг агуулсан ч орчин үеийн загварын чиг хандлагатай уялдсан олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдэрлэгч Чамбай брэнд, цахим менюны үйлчилгээг нэвтрүүлсэн Оргил бэйкери, хоол үйлдвэрлэлийн салбарт шинээр үйл ажиллагаа явуулж буй Beer house-ын залуучууд газар дээр нь шууд хийж, ил задгай амталгааг явуулж байсан зэргийг онцолж болох юм. Харин орон нутагтаа л амжилттай гэх үйлдвэрлэл эрхлэгчид энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцсонгүй.
Улс, орон нутгийнхаа төсвийн тодорхой хувийг бүрдүүлэгч, ажлын байрыг хамгийн ихээр бий болгогч гээд хувийн хэвшлийнхэнд онцлох зүйл их. Бор зүрхээрээ зүтгэх нэгэн байхад төрийн болон олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрт хамрагдаж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй хүн ч олон. Тэдний хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй ч одоо чанарыг шаардах цаг болсон. Хэдий болтол нэгэн хэвийн арга барилаар явах юм бэ? Адаглаад л цагаан идээгээ боловсруулахдаа хэв загвар, нэр төрлийг нь олшруулж, стандартынх нь дагуу боож савладаг болъё. Бусад аймгуудад юу үйлдвэрлэгдэж байна, тэднээс суралцъя. Зорин ирсэн жуулчдад барих ганц брэнд бүтээгдэхүүнтэй болъё. Үе үеийн удирдлагууд ярьсаар ирсэн ч өнөө хэр нь хүн болгон мэдэх брэнд бүтээгдэхүүн бидэнд алга.
Энэ салбартаа олон жил ажилласан туршлагатай, өөрсдийн бүтээгдэхүүнээ аймагтаа төдийгүй бүс, улсын хэмжээнд борлуулж байгаа зарим нэг үйлдвэрлэл эрхлэгчдээс оролцоогүй шалтгааныг тодруулахад зохион байгуулалт хангалтгүй, үр өгөөж муутай, шалгаруулалт үнэн зөв явагддаггүй зэрэг асуудлыг хэлж байсан юм.
Нөгөө талаар үзэсгэлэн худалдааны болох хугацааг 2-3 жил тутамд болговол мадагүй иргэдийн хүсэн хүлээгээд байгаа ахиц дэвшил гарч болох юм гэх санал байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл эрхлэгчид энэ хугацаанд хэрхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулсан байна гэдгийг өмнөх жилүүдтэй харьцуулж үзвэл сая жинхэнэ шалгуур үзүүлэлт болж чадахыг үгүйсгэхгүй.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн худалдааны үеэр үйлдвэрлэл эрхлэгчид нийт 30 гаруй сая төгрөгийн борлуулалтыг хийжээ. Мөн оролцогчдыг нийт 11 төрлийн номинациар шалгаруулж, урамшуулсан. Хичээл зүтгэл гаргаад ирсэн нэгнийг урамшуулах нь зүйн хэрэг. Гэхдээ, та үнэхээр хамгийн шилдэг нь учир шагнагдсан юм шүү гэвэл хэцүүхэн л санагдана.
Үзэж харах зүйл хомс, өнгө үзэмж муутайхан үзэсгэлэн худалдааны дутагдалтай зүйлсийг зарим удирдлагууд олж харжээ. Тиймээс цаашид илүү шинэлэг бөгөөд үр дүнтэй байлгахын тулд үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтыг хэрхэн сайжруулах талаар холбогдох газруудтай санал солилцсон гэх мэдээлэл байгаа нь бас сайн талтай. Ямартай ч зохион байгуулагчид цаашид анхаарах буй за…
Т.ОДОНЧИМЭГ