Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сайн дураар ажиллаж эхэллээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өрхийн ЭМТ-үүд ачаалалтай байгаатай холбоотойгоор тэд ийнхүү ээлжээр Баруун-Урт сумын гурван ЭМТ-д тодорхой хуваарийн дагуу ажиллаж байгаа аж.
Тандалт судалгааны асуумж авах, мэдээлэл цуглуулах, яаралтай дуудлагын утсанд хариу өгөх, эмийн багцыг савлах, ЭМТ-өөр үйлчлүүлэгсдийн биеийн байдлыг хянаж, бүртгэл хөтлөх зэрэг ажлыг сайн дурын идэвхтнүүд хийж байна.
Тус аймгийн УЗХ-д бүртгэлтэй 200 гаруй сайн дурын идэвхтэн байдаг бөгөөд тэдний 100 орчим нь бүлгийн зохион байгуулалтад орж, идэвхтэй ажилладаг юм.