АНЭ-ийн дэргэдэх Халдвартын эмнэлэгт анх коронавирусний батлагдсан тохиолдлыг эмчлэх зориулалтаар 20 ор дэлгэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 34 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн ачаалал бараг хоёр дахин нэмэгджээ. Жирэмсэн эмэгтэй, нярай, ахмад настан гээд эрсдэлт бүлгийн нэн хүнд, хүнд, хүндэвтэр гэсэн оноштой хүмүүс энэ эмнэлэгт ирж байна гэв.
Эдгээр иргэдийг хоёр их эмч, хоёр сувилагч, асаргаа үйлчилгээний ажилтнууд гээд арав орчим хүний бүрэлдэхүүнтэй баг эмчилж байна. Мөн тус эмнэлэгт жирэмсэн эмэгтэйчүүд ирдэг учир төрөх өрөөг тусгайлан бэлтгэжээ. Яаралтай хагалгаа болон төрлөгийг энд хийж, одоогоор эх, хүүхдийн ямар нэг хүндрэл, эндэгдэл гаргаагүй байна.
Аймгийн хэмжээнд өдөрт батлагдах халдварын тохиолдлын тоо нэмэгдэх хэрээр биеийн байдал хүндэрч ирэх иргэдийн тоо нэмэгдэж байна гэв. Үүнтэй холбоотойгоор халдвартын эмнэлгийн орны ачаалал ийнхүү эрс нэмэгджээ. Нэн хүнд гэсэн оноштой иргэдийг ар гэрийнхэн нь сахих шаардлага гарч байгаа. ийм тохиолдолд сахиуруудыг газраар байрлуулж байна.