Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ИРГЭНРҮҮГЭЭ ЧИГЛЭСЭН, ОНОВЧТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД…

2021 оны 11 дүгээр сарын 19. Энэ өдөр Сүхбаатарчуудын хувьд онцгой өдөр байлаа. Тодруулбал аймаг орон нутагт улсын болон орон нутгийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын нэгдсэн нээлт бүтэн өдөржин үргэлжлэв. Онцолж нээх, ашиглалтад оруулах олон ажил байсан учир бүтэн өдөржин үргэлжилсэн юм. Гэхдээ эдгээр ажил бол энэ онд хийгдсэн ажлын нэг хэсэг нь гэж ойлгох хэрэгтэй.Энэ үйл явдалд УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар зорин ирж оролцсон юм. Улсын төсөв, олон улсын төслийн хөрөнгө оруулалтуудыг орон нутагтаа татаж, амжилттай ажил хэрэг болгосон учир оролцох нь ч зүйн хэрэг. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхан, салбар салбарын төлөөллүүд оролцов. Бүтээн байгуулалт тус бүр дээр очиж, тухайн газарт ажиллаад зогсохгүй 2021 онд хийгдсэн ажил, 2022 онд хийгдэх ажлуудынхаа талаар аймгийнхаа төв талбайд том дэлгэц зоон иргэддээ танилцуулсан нь онцлог байлаа. Иргэнрүүгээ чиглэсэн оновчтой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын нээлтийн болон танилцуулах мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Тавдугаар тойргийн зам ашиглалтад оров

Хамгийн эхэнд онцлох ажил бол Баруун-Урт суманд тавдугаар тойргийн авто зам ашиглалтад орсон явдал байлаа.  Баруун-Урт сум 2009 онд таван км замтай байсан бол өнөөдөр 60 гаруй км замтай болж, аймгийн төвийг таван тойрог замаар хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу сүүлийн тойрог замыг ийнхүү ашиглалтад орууллаа. Ингэснээр Сүхбаатар аймаг Монгол Улсдаа тойрог замаар бүрэн холбогдсон анхны аймаг болов. “Зам дагаж хөгжил ирнэ. Тойрог замуудыг дагаж  дэд бүтэц тавигдаж, бүтээн байгуулалт өрнөнө. Иргэдийн өмч хөрөнгө  үнэ  хүрч, эдийн засгийн эргэлтэд орох ач холбогдолтой” гэдгийг УИХ-ын гишүүд тодотгов. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2020-2021 онд нийт 18,8 км авто замын байгууламж нэмэгдэж байна. 2019-2021 онд улсын төсвийн 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр аймгийн төвийн 4 дүгээр  тойргийн 9,1 км ,  5 дугаар тойргийн 5,65  км хатуу хучилттай  автозам, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3,03 км хатуу хучилттай замыг  орон нутгийн 715 сая  төгрөгийн хөрөнгөөр  ашиглалтад оруулсан юм. Автозамын бүтээн байгуулалтыг  “Монгол зам” групп  богино хугацаанд гүйцэтгэжээ.

Дөрөвдүгээр цэцэрлэгийн барилгын их засвар дуусч, ашиглалтад орууллаа

Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн барилгын их засварын ажил дуусч, ашиглалтад орууллаа. Хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаандаа амжаагүй хэдий ч дүн хүйтэн орохоос өмнө тус цэцэрлэгийн хүүхдүүд тохилог орчинд сурч, хүмүүжих боломжтой боллоо.Улсын төсөв буюу Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөрийн 628,9 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдсэн уг ажлыг Улаанбаатар хотын Норкут констракшн ХХК гүйцэтгэсэн юм. 1984 онд ашиглалтад орж байсан цэцэрлэгийн барилга учир гадна дотор засвараас гадна сан, шугам сүлжээ гээд бүх зүйлийг шинэчилсэн. Учир нь тус барилга нь ашиглалтад орсноос хойш их засварт огт ороогүй, урсгал засваруудаар торгоосоор өнөөг хүрсэн юм.  Тус цэцэрлэг нь таван бүлэгт харьяаллын 170 хүүхдийг хүлээн авдаг. Одоогоор 4,5 настнуудыг хүлээн авна. Мөн бага 2, 3 настнуудаа хүлээн авах бэлтгэлээ ч хангажээ.

Эрүүл мэндийн салбарт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ


 2021 онд Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалтуудын нэгдсэн нээлтийг хийж, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд анхаарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, чанартай үзүүлэхийг АНЭ-ийн удирдлагуудад зөвлөв. Тодруулбал, АНЭ-т орон нутгийн хөгжлийн сангийн 39,9 сая төгрөгөөр нүдний мэс заслын микроскоп аппараттай болгосон. Ингэснээр нүдний салст, эвэрлэгийн мэс ажилбарыг орон нутагтаа хийх боломжтой болсон. Мэс заслын тасгийг 108 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хангаж, үений болон дурангийн мэс заслыг мөн хоёр дахь шатлалын эмнэлэгтээ хийх нөхцөлийг бүрдүүлж,  ажиллах нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг бэлтгэж эхэлжээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 99,6 сая төгрөгөөр сумдын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийг явуулын мобайль технологийн үйлчилгээнд нэвтрүүлэв. Мөн уламжлалтын эмнэлгийг автомашинаар хангаж, хүн ам олонтой Баяндэлгэр, Мөнххаан сумдын ЭМТ-ийг рентген аппаратаар хангасан зэрэг ард иргэдрүү чиглэсэн зэрэг бодит хөрөнгө оруулалтуудыг хийжээ.

Ариутгалын пунктын байгууламжтай боллоо

Улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймагт Мал эмнэлгийн хяналт, ариутгалын пунктийн барилгыг ашиглалтад хүлээж авлаа. Энэхүү аруитгалын пункт ашиглалтад орсноор олон улсын хөл хориот гоц халдварт болон халдварт зооноз өвчин аймаг, бүс нутаг дамжин тархахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх юм.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн төв байгуулагдлаа

 

БШУЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны 18,9 сая төгрөгийн санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд аймгийн Насан туршийн боловсрол төвд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийг төвийг байгуулав. Өөрөөр хэлбэл сурагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, 12 дугаар анги төгссөний дараа суралцах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их, дээд сургууль, мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг, бодитой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлдэг сургуулийн болон сургуулиас гадуурх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй төв юм.  Тус төвөөр аймгийн хэмжээний 8-12 дугаар ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулах юм.

Гэр хороолол, авто замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэв

Гэр хорооллын гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлтэй холбоотойгоор өмнө нь 36 байсан цахмагт гэрэлтүүлгийг 84 болгон нэмэгдүүлснээр Баруун-Урт суманд 120 гэрэл асдаг болов. Харин авто зам дагуух гэрэлтүүлэг 823 байсныг 289-өөр нэмэгдүүлж, нийт 1112 ширхэг гэрэлтүүлэгтэй болов. Ингэснээр харанхуй гудамж, зам талбай үгүй болов. энэ ажилд нийт 500 орчим сая төгрөгийг зарцуулсан бөгөөд Повертүүл ХХК бараа материалыг нийлүүлж, орон нутгийн Уртын гэгээ ОНӨҮГ угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэжээ.

Авто машины парк шинэчлэл хийв

 

Энэ онд 10 байгууллагад тусгай зориулалтын 16 авто машины парк шинэчлэлийг хийжээ. Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Уламжлалтын эмнэлэгт тусгай зориулалтын авто машин БОАЖГ-т усалгааны болон усны машин, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-т хог зөөврийн машин, Уртын гэгээ ОНӨҮГ-т экскаватор, Халзан, Түвшинширээ, Баруун-Урт сумдад эко автобус, хадлангийн тоног төхөөрөмж зэргийг хуваарилан өгчээ.

Шинэ соёлын төв ашиглалтад орлоо

Мөн энэ өдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Уулбаян суманд ”240 хүний суудалтай Соёлын төв”-ийн барилгад Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон Улсын комисын бүрэлдэхүүн ажиллаж, комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл энэ өдрөөс эхлэн Уулбаян сумын иргэд соёлын үйлчилгээг тохилог орчинд авах боломжтой боллоо.

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар баталсан 2022 оны төсвийн тухай хуульд Сүхбаатар аймагт улсын төсвөөр нийт 77,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Үүнээс ирэх 2022 онд 36.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдох аж. Өөрөөр хэлбэл Сүхбаатарчууд парламентад хоёр гишүүнээ илгээснээр аймаг орон нутагт улсаас хувиарлагдах төсөв жилээс жилд нэмэгдэж, түүнийг зөв хуваарилж, шаардлагатай салбар, хэрэгцээт зүйлд зарцуулсанаар түүний үр шимийг иргэд хүртсээр байна.