Сүхбаатар аймагт сүүлийн хоёр долоо хоногт өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тоо эрс буурчээ. Мөн хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх явдал ч буурсан гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Одоогоор аймгийн хэмжээнд 204 иргэн эмчлүүлж байгаагаас 0-18 насны хүүхэд 58, жирэмсэн эмэгтэй дөрөв байгаа аж.
Сүүлийн 24 цагт шинээр 21 тохиолдол Баруун-Урт, Баяндэлгэр, Онгон, Халзан, Асгат сумдад бүртгэгджээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 13894 болж, эдгээрээс 13678 нь бүрэн эдгэрсэн байна. Харин халдвар анх бүртгэгдсэн гурван сараас хойш өнөөг хүртэлх хугацаанд нийт 22 иргэн нас баржээ.
Хэдийгээр халдварын тоо буурч байгаа ч урьдчилан сэргийлэх тандалт судалгааны баг сум бүрт ажиллаж байна. Мөн дархлаажуулалтын цэгүүд тогтмол ажиллаж байгаа бөгөөд нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвх нэмэгджээ.