Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

С.НАРАНЧУЛУУН: БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ЗОГССОН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДЫН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛСЭН

Сүхбаатар аймгийн боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 орчим бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Гэвч зарим нь зогсонги байдалтай байна. Тиймээс эдгээр ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Наранчулуунаас тодрууллаа.

-Танд өдрийн мэнд хүргэе. Энэ онд боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хичнээн бүтээн байгуулалт хийгдэж байгаа вэ?

-Баярлалаа. Аймгийн хэмжээнд он дамжин хэрэгжиж байгаа 7, энэ онд шинээр Дарьганга сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга, Баруун-Урт сумын 2 дугаар сургуулийн урлагийн заалны барилгууд эхэлсэн.

-Барилгуудын үйл явц хэрхэн өрнөж байна, хэд нь ашиглалтад ороод байгаа вэ?

-Хэд хэдэн барилгын ажил үргэлжилж байна. Одоогоор 2021 онд БШУЯ-ын сайдын багцын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Уулбаян сумын 75 ортой хүүхдийн дотуур байр, Наран  сумын 50 ортой хүүхдийн дотуур байрны барилгууд хэрэгжиж дуусаж байнгын ашиглалтанд ороод байна. Эдгээр нь он дамжсан төслүүд байсан.

-Ажил нь зогссон хэдэн барилга байгаа вэ, шалтгаан нь?

-2018, 2019 онд барилга угсралтын ажил эхэлсэн Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдад хэрэгжиж буй 200 хүүхдийн 2 цэцэрлэгийн барилга ямар нэг ажил хийгдээгүй зогссон. 2021 онд улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй. Эдгээр барилгууд нь гүйцэтгэгч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тухайн онуудад Улсын төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтаа авч чадаагүй. Мөн захиалагч тендерийн сонгон шалгаруулалтыг цаг хугацааны хувьд орой зарладаг, тухайн төсвийн жилдээ их хэмжээний хөрөнгө тусгадаг, туссан хөрөнгөө гүйцэтгэгч аж ахуйн нэгж ажлаа бүрэн гүйцэтгэж авч амждаггүй. Ийм шалтгаануудаас болж барилгын үйл ажиллагаа зогсох нь бий.

-Ихэнх бүтээн байгуулалтын ажлуудын үйл ажиллагаа зогсох нь хөрөнгө санхүүтэй холбоотой гэдэг. Энэ үнэхээр үнэн байдаг юм уу?

-Ер нь бол тийм. Гэхдээ энэ нь санхүүжүүлэгчтэй биш гүйцэтгэгч талтай холбоотой байдаг. Зарим барилга угсралтын аж ахуй нэгжийн дотоод зохион байгуулалт, ажлын уялдаа муу байдлаас шалтгаалан тухайн онд төсөвт туссан санхүүжилтээ авч чадахгүй байх тохиолдол гардаг. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалт, гэрээ байгуулж бэлгэл ажлыг хангаж төслийн талбайд ирэх явц маш удаашралтай. Улиралаас шалтгаалж барилга угсралтын ажил гүйцэтгэх хугацаа богино байдаг.

-Ер нь ажлын санхүүжилтийг олгодог журам нь ямар байдаг юм бэ?

-Гүйцэтгэгч байгууллагын ажлын гэрээнд санхүүжилтийг хэрхэн олгох талаар тусгадаг. Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журмын” дагуу олгогддог. Барилгын ажлын талбайд ажил хийгдсэн байдал, бараа материал тоног төхөөрөмж авсан захиалга хийгдсэн байдал, машин механизмын татан авалт, тээвэр, хүн хүчний зохион байгуулалтын ажлуудаар гүйцэтгэлийг гаргаж холбогдох байгууллагуудаар хянуулж Сангийн яаманд хүргэгдэж санхүүжилтийн эрх нээлгэдэг.

-Одоо ажил нь зогссон байгаа ажлуудыг хэрхэх вэ?

-Барилга угсралтын ажил зогссон эрх шилжээгүй барилга угсралтын ажлуудын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлаж, хариуцлага тооцох, хар жагсаалтад оруулах талаар саналаа БШУЯам, аймгийн ЗДТГазарт удаа дараа хүргүүлээд байна.

-Мэдээж цар тахлын нөхцөл байдал барилгын компаниудын үйл ажиллагаанд нөлөөлсөн. Гэхдээ тухайн компани хүлээж авсан ажлаа бие даан гүйцэтгэх чадамжтай байх ёстой байх?

-Барилга угсралтын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Гэсэн хэдий ч аж ахуй нэгжүүд эрсдэлийг бүрэн тооцож тендер сонгон шалгаруулалтад оролцох үүрэгтэй. Тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт тодорхой шалгуур үзүүлэлтийг тусгадаг. 2020-2021 онуудад барилгын салбарт гол ашиглагддаг  бараа материалын үнэ /арматур, цемент, тоосго, банз, модон бүтээгдэхүүн, цонх гм/ 45 орчим хувь хүртэл өсөлт үүссэн. Тухайн төслийн сонирхогч хуулийн этгээд сонгон шалгаруулалтанд орохын өмнө төслийн газар дээр ирж нөхцөл байдал суурь судалгааг сайн хийдэггүй нь алдаа дутагдал гарах төсөл удаашрах нэг шалтгаан болж байна. 2021  оноос ажиллах хүчний суурь үнэлгээ 1 дахин нэмэгдэж шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа.

-Тендерийн сонгон шалгаруулалтад танайх оролцож, хяналт тавих боломж байдаг уу?

-Манай байгуулллагад Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай /эрхтэй/ гурван мэргэжилтэн байдаг. Орон нутгийн өмчийн газраас сонгон шалгаруулах ажлын хэсэгт оруулсан тохиолдолд мэргэжлийн чиг үүргийн дагуу ажилладаг байгаа.

-Барилгын ажил үргэлжилж байх хугацаанд танайхаас яг ямар хугацаанд хяналтуудыг хэрхэн тавьдаг вэ?

-Манай байгууллагад захиалагчаас батлаж ирүүлсэн ажил гүйцэтгэх гэрээ, зураг төсөл, төсөв, барилга угсралтын гүйцэтгэгч байгууллагаас ирүүлж буй ажлын график төлөвлөгөөг үндэслэн, барилга угсралтын үе шатуудад захиалагчийн хяналтыг Барилга хөгжлийн төвтэй хамтран 40/60 харьцаатай санхүүжилтийн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэн ажилладаг.

-Баярлалаа.