Сүхбаатар аймгийн 2021 оны оны шилдэг уншигч И.Даваадуламтай цөөн хором ярилцлаа. Тэрээр Судар эгшиглэн төслийн насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрт шалгарсан, Сүхбаатар сумын хувиараа бизнес эрхлэгч иргэн юм.
Судар эгшиглэн төслийн ялагч болсонд баяр хүргэе. Эхлээд Судар эгшиглэн төслийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?
Баярлалаа. Сүхбаатар аймгийн шилдэг уншигч шалгаруулах “Судар-Эгшиглэн” төслийн анхны цомын эзэн болсондоо маш их баяртай байна. Ном уншдаг хүмүүс ховордсон өнөө үед нийт ард иргэдийг ном уншихад уриалсан, ном унших дадал, хэвшилтэй болгох зорилготой “Судар-Эгшиглэн” шиг ийм том хэмжээний төсөл анх удаа зохион байгуулагдаж, энэ төсөлд оролцсон минь азтай бас нэр төрийн хэрэг байлаа. Энэхүү төсөл маш их үр өгөөжтэй, хувь хүний хөгжлийг дэмжсэн сайхан арга хэмжээ боллоо.
Уралдааны үйл явц, зохион байгуулалтын талаар?
“Судар-Эгшиглэн” төсөл 10 сар үргэлжилсэн. Эхний шатанд өөрийн номын санг танилцуулсан бичлэг илгээсэн. 2-р шатанд бичсэн тэмдэглэлээ төслийн цахим хуудсанд нийтлэх юм уу эсвэл цахим шуудангаар илгээж байсан. Энэ хугацаанд бүх оролцогчдын бичсэн тэмдэглэл ил тод, хэн ч унших боломжтой байсан нь их зөв санагдсан. Төслийн санаалагч номын санч В.Энхтуяа эгч оролцогч нараа байнга идэвхижүүлж, сурталчилж байсан нь урам зориг их өгч байлаа.
Төсөлд оролцсоноор таны хувьд ололт, ач холбогдол нь юу байв?
Ер нь ямар нэгэн ном уншлаа гэхэд тэндээс заавал нэг шинэ мэдээлэл, шинэ ойлголт, ухаарал авч байдаг. Миний хувьд өмнө нь уншиж байгаагүй номнуудыг сонгож уншсан болохоор маш их зүйлийг ойлгож авсан. Нэгэнт уралдаан учраас тэмдэглэлээ чанартай, ойлгомжтой бичихийг хичээсэн. Ур чадварын хувьд эргэцүүлэн бодох, найруулан бичих талаар туршлага сууж, бичих чадвараа хөгжүүлсэн гэж бодож байна. Энэ төсөлд оролцсоноор хувь хүний хөгжилд маш их түлхэц боллоо.
Нэг жилийн хугацаанд хэдэн ном уншсан бэ, уншсан бүх номныхоо тэмдэглэлийг хийсэн үү?
Зарим ном нь 1,2,3 ботьтой байсан учраас нийт 18 ном уншсан. Төслийн багаас өгсөн төрөл зүйлд тохирсон 10 номыг өөрийн сонголтоороо уншсан. Харин 5 ном нь төслийн багаас заавал унших ёстой ном гэж заасан байсан. Бүх тэмдэглэлээ хөтөлсөн. Тэмдэглэл хөтлөхдөө 2 янзаар хийсэн. Тэмдэглэлийн эх хувийг комьпютер дээр шивсэн. Дараа нь бужо хөтлөх аргаар хийсэн.
Бужо арга гэдгээ тайлбарлаж өгөөч?
Нийт 76 хуудас тэмдэглэл хөтөлсөн байна. Бужо гэдгийг энгийнээр хэлбэл тухайн тэмдэглэсэн гол санаандаа тохируулан гар аргаар хийсэн цаасан болон бусад чимэглэлээр чимэглэж, дүрс, наамлаар утгыг нь илэрхийлэх гэж ойлгож болно. Ямар ч хүн харахад энгийн мөртлөө ойлгомжтой байна гэсэн үг. Ийм төрлийн чимэглэл нь бэлэн байдаг. Магадгүй энэ төрлийн аргыг ашигласан нь шалгаруулалтад их нөлөөлсөн байх.
Уншсан номнуудаас тань хамгийн сонирхолтой нь ямар ном байв. Ер нь суманд сонирхолтой, ховор номын олдоц хэр байдаг вэ?
Ном бүр өөр өөрийн онцлогтой, бүгд л сонирхолтой бичигдсэн байдаг. Онцлог сонирхол татсан гэвэл Г.Мэнд-Ооёо зохиолчийн Шилийн богд роман, Б.Баярхүү зохиолчийн Дархлагдсан омгийнхон, Хэлмэгдсэн омгийнхон, Лаура Хилленбранд зохиолчийн Мятаршгүй номнуудыг нэрлэж болохоор байна. Миний хувьд орон нутгийн оролцогч гэдгээрээ онцог. Манай Соёлын төвийн номын сан 2021 оны 11-р сард Улсын тэргүүний номын сангаар шалгарсан. Номын санд маань орчин үеийн болоод хуучны сайхан ном, зохиолууд олон бий. Хамгийн сүүлд гэхэд 11-р сард 120 ширхэг шинэ номоор баяжилт хийсэн байна лээ. Сумын удирдлагууд энэ тал дээр анхаарч төсөв, хөрөнгө зарцуулдагт баяртай байдаг.
Ажлынхаа хажуугаар ном уншиж, тэмдэглэлээ хөтөлдөг байсан байх?
Тийм ээ. Би хувийн ажил хийдэг болохоор заримдаа завтай, заримдаа зав муутай болчихдог. Гэхдээ ном уншихад бол яаж ийгээд цаг гаргаад байдаг юм. Хүмүүс ном уншина гэхээр нэг доор олон цагаар сууж унших ёстой юм шиг боддог. Тэр бодлоосоо болоод завгүй юм чинь ном уншиж амжихгүй гэдэг байх. Гэтэл яг үнэндээ хүнд маш их сул цаг, зав байдаг. Тэр цагуудыг ашиглах хэрэгтэй. Ном уншаад байхаар их хурдан уншдаг болчихдог.
Төслийн багийн хамт олонд хандаж юу гэж хэлмээр байна?
Судар-Эгшиглэн төсөл бид бүгдийг “уншдаг ард түмэн” болоход нэг шат ойртуулсан гэж дүгнэж байна. Монгол улсын хэмжээнд үлгэр дуурайлал авахуйц арга хэмжээг зохион байгуулж, оюуны цангаа тайлсан, сонин содон номын ертөнцөөр аялуулж, ном унших дадал хэвшилд сургаж байгаа төслийн багийнхандаа, ивээн тэтгэгчиддээ гүнээ талархаж байна. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье! Хийж бүтээх их үйлс тань үргэлж өөдрөг, бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе өө!
Баярлалаа.