Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тэдэнд хүртээмжтэй орчин нөхцлийг бий болгох зорилгоор “Бэрх биш ээлтэй” аяныг зохион байгуулсан. Аяны талаар болоод Сүхбаатар аймгийн ХБИ-ийн асуудлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн С.Балжиннямтай ярилцлаа.
Танд өдрийн мэнд мэнд хүргэе. Хэдхэн хоногийн өмнө Бэрх биш ээлтэй аян нэг сарын хугацаанд үргэлжлээд өндөрлөсөн шүү дээ. Аяны хүрээнд Сүхбаатар аймгийн ХХҮГ-аас ямар ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулав энэ талаар яриагаа эхэлье?
Баярлалаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотойгоо хамтран сарын хугацаанд олон ажил үйлчилгээг зохион байгууллаа. Цагаан таягтны өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахим хэлэлцүүлэг, онлайн дууны уралдаан, олон төрлийн сургалтыг явуулсан. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй иргэдэд гэрлэн дохиогоор зорчих орон зайн чиг баримжаа олгох, тусгай хэрэгсэл ашиглалтын сургалт, тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдэд компьютерын сургалт, ХХҮГ, МСҮТөвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэнд тогоочийн мэргэжил олгох сургалтыг хийлээ. Мөн тэднийг идэвхжүүлэх үүднээс нэг өдрийн турш олон төрөлт спортын тэмцээнийг зохион байгуулаад байна. Холбогдох хүмүүстэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг өөрчлөх хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд анхаарах асуудал, түүнийг засах арга замыг хэлэлцэн ярилцлаа. Цаашид мөн төрийн албан байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг албан хаагчдад дохионы хэлний анхан шатны сургалтанд хамруулахаар төлөвлөж байна. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Ер нь Сүхбаатар аймгийн хэмжээнд хичнээн ХБИ байна?
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2021 оны байдлаар 2212 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 221 байна гэсэн судалгаа бий.
Та ярианы эхэнд олон ажил хийгдсэн гэж хэллээ. Тэгвэл эдгээр иргэд зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээнд хэр оролцдог вэ?
Яг үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох идэвхи сул байдаг. Тэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэрийн зүгээс нийгэмд гаргахгүй гэрт нь байлгах хандлагатай холбоотой. Мөн нийгэмд оролцоход хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, мэдээллийн хүртээмж хангалтгүй байгаагаас болдог.
Тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь аяны нэг зорилго байсан. Тэгвэл энэ зорилгыг аяны хүрээнд биелүүлж чадав уу?
Манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бүрдэхэд урьдч жилүүдийг бодвол ахиц дэвшилтэй талууд бий болж байна. Жишээлбэл, төвийн замуудын уулзварт гэрлэн дуут дохиотой болсон нь харааны бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд оролцоход маш том дэмжлэг болж байгаа. Харааны бэрхшээлтэй иргэн нь гэрлэн дохио асахыг харж чадахгүй бол дуу дугарахаар зам хөндлөн гарах дохио болж өгдөг гэсэн үг. Мөн явган хүний замын хүртээмжийн асуудлыг сайн шийдвэрлэж байгаа нь тэдэнд маш том дэмжлэг болж байна гэдгийг хэлж байгаа. хэдийгээр дутагдалтай зүйл байгаа ч бага багаар ийнхүү сайжруулна гэдэгт итгэж байна.
Орон нутгийн төр захиргааны зүгээс ХБИ-ийг хэр дэмждэг вэ. Тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу?
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгааллыг дэмжих дэд хөтөлбөр” батлагдсан. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд 10 сая төгрөг төсөвлөсөн. Энэ нь энэ онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын эхлэл болж өгч байна. ер нь дан ганц хөрөнгө мөнгийг дэмжлэг гэж харахгүй л дээ. Орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын тодорхой хувь нь хөгжлийн бэршхээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байвал энэ өөрөө маш том дэмжлэг юм.
Тэгвэл таныхаар орон нутагт гол тулгамдаж буй асуудал юу байна?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал гэвэл хөгжлийн бэрхшээл гэдгийг бие эрхтэний бэрхшээл тэр бэрхшээлээс болоод нийгэмд оролцох оролцоо, хөдөлмөр эрхлэх чадвар байхгүй гэсэн ойлголт хандлага орон нутагт их байна. Нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ч ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд эрх тэгш оролцож чадна гэсэн ойлголтыг дээшлүүлэх ёстой. Наад зах нь тэргэнцэртэй иргэн гэхэд замын бордюр, барилгын шат гэх мэт орчны саад бэрхшээл байхгүй бол бусдын адил замаар чөлөөтэй зорчиж байвал ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдэх юм. Мөн иргэд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсийнх нь ойлголт хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй гэдэг. Уг нь тухайн хүмүүсийг тохирох хэрэглэгдэхүүнээр нь хангаж чадвал хөдөлмөр эрхэлж болно гэсэн үг. Тэгэхээр хаа хаанаасаа анхаараад, хичээгээд үзвэл боломж бий. Тиймээс ярилцлагын төгсгөлд хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжье гэж бүгдийг уриалмаар байна.
ХБИ-ийн ажил эрхлэлт орон нутагт ямар түвшинд байна?
Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллага 4 хувьд нь буюу 1 хүн ажиллуулах талаар тусгаж өгсөн байдаг. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 25 ба түүнээс дээш ажилтантай 68 аж ахуй нэгж байгууллагад судалгаа хийхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байгаа 54, ажилуулаагүй 14 аж ахуй нэгж байгууллага байна. 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудад 150 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэлж байна. Хувиараа болон 25 аас доош ажилтантай байгууллагад 480 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж байна.
ХХҮГ-аас ХБИ-дэд зориулан хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ,түүний үр дүнг танилцуулаач?
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2021-2022 онд хэрэгжих 5 төсөл хөтөлбөр баталсан. Үүний нэг нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” юм. Хөтөлбөрийн хүрээнд 5 арга хэмжээг хэрэгжүүлдэг. Жишээлбэл, ээргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэн, байнгын асаргаатай хүүхдээ асардаг 4 иргэнийг хамруулж 64,0 сая төгрөгийн дэмжлэг олгож шинээр 27 ажлын байр бий болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан хоёр байгууллагатай ажил олгогчийн урамшууллын гэрээ байгуулсан. Үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулж буй 3 иргэнд 3,9 сая төгрөгийн ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлсэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Баруун-Урт, Сүхбаатар, Түмэнцогт сумдад борлуулалтын цэг нээн ажиллуулж байна. Тус цэгүүдээр нийт 8 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бараа бүтээгдэхүүнээ борлуулан 4,6 сая төгрөгийн борлуулт хийсэн байна. энэ бүхэн зөвхөн төлсийн үр дүнд бий болсон зүйлс.
Ярилцсанд баярлалаа.