Сүхбаатар аймаг коронавирусний халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад өсөх хандлагатай байгааг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа. 1 дүгээр сарын 3-ны өдөр 47, 4-нд 11 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Одоогоор эрүүл мэндийн байгууллагат хэвтэн эмчлүүлж байгаа 38 иргэний дунд жирэмсэн эмэгтэй гурав, хүүхэд долоо байна. Эмчлүүлэгчдийг биеийн байдлаар авч үзвэл хөнгөн 27, хүндэвтэр 10, хүнд нэг иргэн байгаа аж.
Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 11 тохиолдлын ес нь Баруун-Урт суманд, Мөнххаан, Эрдэнэцагаан сумдад тус бүр нэг байна. Өөрөөр хэлбэл халдвар сумдад дахин бүртгэгдээд байна. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нэн шаардлагатай гэдгийг анхааруулав.