Баруун-Урт сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн гурван төвөөр дамжуулан үзүүлдэг. Гэвч ЭМТ-үүдийн барилга жижиг, өөрөөр хэлбэл стандартын шаардлага хангадаггүй. Тиймээс тус төвүүдийн барилгыг шат дараатай шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Улмаар гурван төвийг цаашид хоёр болгохоор төлөвлөж буйгаа аймгийн Засаг дарга М.Идэрбат шууд ярилцлагын үеэр хэлсэн.
Энхжин ЭМТ-ийн шинэ барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Орон нутгийн төсвийн 1,6 тэрбум төгрөгөөр баригдаж буй тус барилгыг 2022 онд ашиглалтад оруулна. Харин дараагийн барилгыг мөн онд эхлүүлэх бөгөөд орон нутаг болон олон улсын төсөл хөтөлбөрийн хамтарсан хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж үзэж байгаа аж. Ингэсээр өрхийн ЭМТ-үүд стандартын байртай болохын зэрэгцээ материаллаг бааз, боловсон хүчнээ нэмэгдүүлэн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.