Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УУЛ ОВООНЫ ХОГИЙГ ӨДӨР БҮР ЦЭВЭРЛЭЖ БАЙНА

Жилийн жилд сар шинийн баяр , амралтын өдрүүдэд Алтан овоо, Шилийн богдыг зорих олны хөдөлгөөн ихэсдэг. Шинийн хоёрноос 15-ныг хүртэл Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс цуглана. Зөвхөн эдгээр өдрүүдэд 3000 орчим машин, 4000-5000 хүн ирдэг гэсэн судалгаа байдаг аж. Үүнтэй холбоотойгоор Дарьгангын байалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ажлын гурван хэсэг гарч жуулчдад хяналт тавьж, уул овооны хогийг өдөр бүр цэвэрлэж байна.

Энэ жил манай газрын орон тоо нэмэгдсэн. Яг одоогоор Алтан овоо, Шилийн богд, Ганга нуур гэсэн газруудад манай ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл өдөр бүр уул, овооруу гарч хогийг нь буулгадаг гэсэн үг. 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд гэхэд л 2000 орчим жуулчин ирээд байна. Ерөнхийдөө энэ жил иргэд, жуулчид уул овоонд гарахдаа хог хаяж, бохирдол үүсгэх байдал багассан нь харагдаж байна. Суваргаа тойруулаад хэвийн боовоор  бараг дахин нэг суварга босгочихдог байсан, энэ байдал үгүй болж. Өнөөдөр овоон дээр нэг ч хэвийн боов алга. Өөрөөр хэлбэл иргэд маань идээ будааныхаа дээжийг өргөчихөөд буцаагаад аваад явчихдаг болсон сайн тал ажиглагдаж байна. Харин цай сүүний дээжийг замбараагүй өргөж, суваргууд цав цагаан болсон байдалтай байгаа. Бид жуулчдыг дээш гарахад нь анхааруулга, зөвлөмжийг тогтмол өгдөг. Түүнийг хэрэгжүүлэх нь харилцан адилгүй байдаг гэж Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Ариунцэцэг хэллээ.

Уул овооноос буулгасан хогийг шууд шатааж устгадаг байна.