2022 онд Эрүүл Сүхбаатарчууд төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа халдварт болон халдварт бус өвчлөлийг эрт илрүүлэх, хяналтад авч эрүүлжүүлэх, өвчлөлийг бууруулах цаашлаад хүн амын дундаж наслалтыг уртасгахад төслийн гол зорилго оршиж буй.
Төслийн хүрээнд хэвлийн хөндийн дурангийн мэс засал, ургийн эрт үеийн оношлогооны лабораторийг сайжруулах, үе солих, гэмтлийн үеийн түгжээний мэс заслуудыг орон нутагтаа хийх боломжийг бүрдүүлэх аж. Мөн эмч нарыг чадавхжуулах, сургах, шинэ техник технологи нэвтрүүлэх инновацийг бий болгох зорилтуудыг дэвшүүлжээ.
2021 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 120 сая төгрөгөөр долоон сум, Баруун-Уртын гурван ЭМТ-д мобайл технологийг олгосон. Ингэснээр Сүхбаатар аймгийн бүх сум, ӨЭМТ-үүд эрүүл мэндийн оношлогооны мобайл технологиор хангагдсан. Гэвч үүний ашиглалт хангалтгүй байгаа учир цаашид эдгээрийн ашиглалтыг сайжруулж, эмч мэргэжилтнүүдээ сургаж дадлагжуулах шаардлагатай. Энэ бол төсөл хэрэгжиж эхлэхээс өмнөх маш том бэлтгэл ажил байх болно гэж аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа хэллээ.
Судалгаагаар тус аймгийн нийт хүн амын дундаж наслалт 73,29 байна гэж гарчээ.