Сүхбаатар аймагт болж буй Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалтад УИХ-ын хоёр гишүүн урилгаар оролцож байгаа билээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь зөвлөгөөнд оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Тэрээр, “Энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөн, сургалтад УИХ-ын хоёр гишүүн ажлын албаныхантайгаа ирж, онцгой ач холбогдол өгч оролцож байна. Учир нь улс, аймаг, сум, баг гээд бүх түвшинд асуудлаа дахин нэгтгэж, санал солилцож, ирээдүйгээр тодорхойлохыг хүссэн.
Миний хувьд ийм зөвлөгөөнд олон удаа оролцож байсан. Гэвч энэ удаагийнх үнэхээр өргөн цар хүрээтэй, үзэж харах,сонсох зүйл ихтэй зөвлөгөөн болж байна. Нөгөө талаар манай удирдлагууд үнэхээр төлөвшсөн нь харагдаж байна. Жил бүр хийгддэг аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа бол улс төрийн хараат бус ганцхан судалгаа байдаг. Үүнд Сүхбаатар аймаг засаглалаараа тэргүүлж байна гэдэг аймаг, сум орон нутгийн удирдлагуудын ур чадвар, хамтын ажиллагаа ямар байгааг итгэж буй хэрэг юм. Тиймээс цаашид илүү сайн хамтарч нэгдэж байж бид хөгжлөөрөө тэргүүлэгч аймаг цаашлаад зүүн бүсийн хөгжлийн төв, Монгол Улсын далайд гарах гарцтай аймаг болох ёстой” гэв.