Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа нэг сарын аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж байна. Сүхбаатар аймгийн хүн амын дундаж наслалт 73,29. Эмэгтэйчүүдийнх 78, эрэгтэйчүүдийнх 68 буюу 10 насны зөрүүтэй байгаа нь анхаарах асуудал болжээ.

Сүхбаатар аймгийн хүн амын нас баралтын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Үүнд голлох хүчин зүйл нь хорт хадвар болон зүрх судасны өвчлөл. Мөн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар бага байгаа нь эрэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй, эрүүл мэндийг боловсрол дутмаг, амьдралын хэв маяг буруу, хорт зуршлын хэрэглээ их байгаатай холбоотой гэж эрүүл мэндийн байгууллагаас тайлбарлав. Үүнээс гадна осол гэмтлийн шалтгаанаар нас баралт эрэгтэйчүүдэд мөн зонхилон тохиолддог байна.

Иймд дээрх аяныг өрнүүлж буй бөгөөд нэг сарын хугацаанд ААНБ-ууд эрэгтэй ажилчдаа үзлэг, бүрэн оношлогоонд хамруулахаас гадна бүхий л насны эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, илэрсэн өвчнийг эмчлэх, зөвлөгөө өгөх ажлыг шат дараатай хийх аж. Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах юм.

Тус аяныг аймгийн ЗДТГ-аас санаачлан Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ГБХБХГ, Цагдаагийн газар, Залуучуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ. 2 дугаар сарын 18-наас эхлэн нэг сарын хугацаанд өрнөх аяны арга хэмжээнүүдийг цаашид тогтмолжуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагууд уриалж байлаа.