Аймгийн Соёл, урлагийн газраас “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж, шинэхэн байгуулагдсан газрынхаа бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Мөн цаашид орон нутагт соёл урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, иргэдэд хүрэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өгөв.
Мөн газрын ахлах мэргэжилтэн, СТА Б.Золхүүгийн “Эрхэмсэг яруу” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 1 дүгээр сарын 4-ний өдрийн 337 дугаар тогтоолоор байгуулагдсан аймгийн Соёл, урлагийн газар нь 11 хүний орон тоотой батлагдсан ч одоогоор найман хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч өнгөрсөн онд улсын тэргүүний номын сан, соёлын төв Сүхбаатар аймгаас тодорсон зэргээр бид бүхэн чамлахааргүй амжилтууыг гаргасан байна. Тиймээс эрч хүч, урам зоригтойгоор манай хамт олон ажиллаж байна. 2022 онд манай газраас зүүн бүсийн хэмжээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл форум, аймаг сумдын хэмжээнд соёл урлагийг дэмжигч залуучууд болон ахмадын зөвлөл байгуулах, соёлын өв тээгчдийн наадам зөвлөгөөн, өв соёлын нэдсэн арга хэмжээ, Угийн бичиг хөтлөх арга хэмжээг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх, Соёлын яамны дэмжлэгтэйгээр аялагчдад зориулсан арга хэмжээг Дарьганга суманд зохиох, Дарьганга өв соёл, Сүхбаатар аймаг брэндбүүк бүтээн, соёл урлагийн сурталчилгааны контент хийх зэргээр аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд олон ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн төсөл хөтөлбөр, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд ч багагүй хийгдэнэ гэх мэдээллийг Соёл, урлагийн газрын дарга Х.Эрдэнэдэлгэр өглөө.
Нээлттэй өдөрлөгт аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл, салбараас төрөн гарсан гавьяат, уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд урилгаар оролцсон юм.
Сүхбаатар аймгийн иргэдэд соёлыг түгээн дэлгэрүүлэхэд Соёл урлагийн газрын үүрэг, үр нөлөө их. Тийм ч учраас аймаг орон нутгийн зүгээс тус газрыг дэмжиж, нягт хамтран ажиллах болно. Аймгийн Соёл, урлагийн газар мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан маш сайн баг бүрдсэн гэж бид үзэж байгаа гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа хэлсэн үгэндээ онцлов.
Өдөрлөгийн үеэр тус газраас өнгөрсөн онд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, соёл урлагийн салбарын есөн алдартанг тодруулан шагнал гардуулсан юм.
Сүхбаатар аймагт соёл урлагийн 15 байгууллагын 100 гаруй ажилтан орон нутгийн иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлж байна.