УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргад нэр дэвшигч Жамбын Батсуурьтай ярилцлаа.
– Н.АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЗАНАЛТАЙГ ААР УНАГААСНЫ МАРГААШААС ЭХЛЭЭД АРДЧИЛСАН НАМЫН СҮР СҮЛД, ЦОГ ХИЙМОРЬ АЛГА БОЛСОН –
-Ардчилсан намын даргын сунгаанд албан ёсоор нэр дэвшихээр бүртгүүллээ. Энэ намын дарга болох шалтгаан, шаардлага танд байв уу?
-Би бол 1989 оны оюутан. Тэр жилээ ардчилалтай золгосноос хойш нэг л мэдэх нь ээ 32 жил болжээ. Миний амьдрал ардчилал, ардчилсан үзэл санаа, ардчилсан нийгэм байгуулах үйл явцаас хором ч хол байгаагүй. Надад нэг онцлог байдаг. Би өнгөрсөн хугацаанд орон нутагт ажиллаж, амьдарч байсан. Улмаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар ялж, парламентад сонгогдон ажиллаж байна. Их эгзэгтэй цаг үед УИХ-ын гишүүн болжээ. Ковид цар тахал гарлаа, улс орны эдийн засгийн байдал муудлаа, нийгэм, улс төрийн амьдрал хурцадмал байдалтай боллоо. Гишүүн болохдоо их дэврүүн гэгээн мөрөөдөлтэй байлаа. Гэтэл сонгуулийн дүн миний төсөөлснөөс өөр гарсан. Ардчилсан нам дахин ялагдлаа, улмаар тарж бутарлаа, хэл амаа ололцохоо болилоо.
Бүр орох оронгүй, оочих аягагүй болтлоо шалдаа буулаа шүү дээ. Удаа дараалан сонгуулиудад ялагдлаа. Ийм л өрөвдөлтэй дүр төрхтэй болсон байна. Өнгөрсөн хугацаанд намынхаа асуудалд болон нийгмийн амьдралд байнга сэтгэл түгшиж, өдөр бүр л санаа сэтгэл зовниж өдийг хүргэлээ. Тэр утгаараа одоо цаг нь ирж, энэ завхарсан асуудлыг зохицуулж, нэг талд нь гаргаж, намынхаа эв нэгдлийг ханган цаашдын том зорилт, бодлогуудаа хэрэгжүүлдэг нам шиг нам болгохын төлөө энэ удаагийн намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх гэж байна. Өнөөдрийн эрх барьж байгаа нам ард түмний 50 хүрэхгүй хувийн саналыг аваад засаглалын “монопол” тогтоосон. Монголд ардчиллын хөрс суурь баттай байгааг бүгд мэднэ. Гэтэл ардчиллын тогтолцоо нь дэндүү эмх замбараагүй, арчаагүй байгаа нь үнэн. Тиймээс үүнийг засч залруулах боломж надад байна гэж шууд харж байна.
-Яагаад заавал та гэж?
-Надаас ухаантай, надаас боловсролтой, чадвартай хүмүүс энэ намд олон бий. Миний амьдралын нэг зарчим байдаг. Тэр нь юу вэ гэхээр би хүмүүст боломжийг олгодог хүн. Миний хувьд 1992 оноос хойших найман сонгуулийн долоод нь оролцсон байдаг. Нэг сонгуулийн үед оюутан байгаад оролцож чадаагүй. Үлдсэн долоон сонгуульд нь оролцож, дандаа ялалт байгуулж ирсэн түүхтэй. Өөрийнхөө энэ ялалтыг одоо дүгнэж суухад би хүмүүст байнга боломж олгох л юм бол ялалт байгуулж болдог гэдгийг ойлгосон л доо. Одоогоос яг нэг жилийн өмнө Ардчилсан намын даргын сунгаа зарлагдаж, таван залуу нэрээ дэвшүүлж байсан. Тухайн үед манай нам бас л хоёр хуваагдчихсан, асуудалтай л байлаа. Тэр үеийн сунгаанд О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд зэрэг таван хүн бүртгүүлчихсэн байсан. Энд би ч бас нэрээ өгчихсөн байлаа. Ардчилсан нам парламентад суудалтай нам. Тэр утгаараа ардчилсан намын дарга парламентын гишүүн байх ёстой гэсэн байр суурьтай явдаг хүний нэг нь би. Гэтэл тухайн сонгуульд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хоёр хүн нэрээ дэвшүүлсэн байсан. Нэг ёсондоо надтай хамт О.Цогтгэрэл нэрээ өгчихгүй юу. Үүнийг би байж болохгүй асуудал гэж үзсэн. Хэрэв бид хоёр өрсөлдөөд эхэлбэл УИХ дахь намын бүлэг мөн адил хоёр хуваагдчихна шүү дээ. Ингэж хуваагдах, талцахыг би хүсээгүй учраас, мөн түрүүн хэлсэнчлэн бусдад боломж олгох зарчмаа баримтлаад өөрийн нэрээ татсан. Ингээд О.Цогтгэрэл өрсөлдөөд ялсан байдаг шүү дээ. Улмаар Дээд шүүхээс 38 дугаар тогтоол гэж гарсан. Тэр тогтоолд “О.Цогтгэрэлийг өргөн барьсан Их хурлыг хүчин төгөлдөр байна, Их хурлыг зарласан Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр байна гэж үзсэн байсан. Харин О.Цогтгэрэлийг намын Их хурлаараа ёсчлон батална гэсэн заалт ороогүй байна, өөрөөр хэлбэл процедурын алдаатай байна, тиймээс дахин сунгаа зохион байгуулаад дарга тодруулаад өргөн барь” гэсэн тогтоол гарсан байсан. Уг тогтоолыг үндэслээд сая намын Дотоод сонгуулийн хорооноос дахин намын даргын сунгааг зарлалаа. Энэ сунгаанд би намын олон залуус нэрээ өгч өрсөлдөөсэй гэж хүссэн, хүлээсэн. Гэтэл нэр дэвших гэж байсан О.Цогтгэрэл нэрээ гэнэт татлаа. Нэгэнт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн нэрээ татаж байгаа бол надад нэрээ дэвшүүлэх боломж гарч ирсэн хэрэг. Ингээд Ардчилсан намын уналтыг түргэн зогсоох, эв нэгдлийг хангах, цаашдын томоохон зорилт, бодлогоо хэрэгжүүлдэг нам болгохын төлөө зорьж нэрээ дэвшүүлсэн. Хамгийн түрүүнд очиж бүртгүүлсэн байгаа. Ийм л үйл явдал боллоо.
-Таны өрсөлдөгч их содон хүн байгаа шүү дээ. Улс төрийн рейтинг өндөртэй гэж цоллуулаад байгаа. Нөгөөтэйгүүр хөшигний араас гарч ирэн улс төрд дахин ирэх эхлэлээ намынхаа даргын сунгаанаас эхэлж байна гэж харах хүн олон байна. Та өрсөлдөгчийнхөө тухайд юу хэлэх вэ?
-Би уг нь энэ удаагийн намын даргын сунгаанд олон залуус өрсөлдөөсэй, энэ Ардчилсан намаа хурдхан эмх цэгцэнд нь оруулах тийм чадалтай улс төрийн манлайллын шинэ үе гарч ирээсэй гэсэн хүлээлттэй байсан. Гэвч Ардчилсан намыг өнөөдрийн ийм байдалд хүргэсэн хүмүүсийн нэг, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, сайд гэх мэт төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн хүн эргээд ороод ирсэнд үнэндээ сэтгэл дундуур байна. Харамсалтай нь бид хоёроос өөр хүн бүртгүүлэхгүй байсаар сунгааны бүртгэл дууссан байгаа. Би ямар нэгэн өрсөлдөгчийг сонгоогүй. Хамгийн түрүүнд би бүртгүүлсэн. Араас нь экс Ерөнхийлөгч бүртгүүллээ. Одоо надад ямар ч эргэлзэх зүйл алга. Би ялна гэдэгтээ л итгэлтэй байна. Учир нь би Ардчилсан намын туулж ирсэн 30 гаруй жилийн зовлон, жаргалыг нүдээрээ харж, гараараа барьж ирсэн. Энэ хугацаанд манай намыг удирдаж ирсэн ах нар ч гэж ярьдаг хүмүүс өнгөрсөн найман удаагийн сонгуульд бүгдэд нь ялалт байгуулах боломж байсан. Хааяа нэг ялахаараа албан тушаалаа хуваадаг гэх мэт асуудлаасаа болоод хоорондоо мууддаг, талцдаг. Энэ үнэндээ нууц биш зүйл шүү дээ. Өнгөрсөн хугацаанд манай намаас хоёр ч удаа Ерөнхийлөгч сонгогдон гарч ажиллалаа. Энэ хүмүүс намаа зангидах нь битгий хэл бүр тараадаг, хуваадаг байдал ил болж явлаа шүү дээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг, энэ гажуудлыг засч залруулах хүмүүсийн нэг нь би гэдэгт огт эргэлзэхгүй байгаа. Гэхдээ миний дайны, надаас хавь илүү олон хүн манай намд бий. Гэвч тэр хүмүүс нэр дэвшсэнгүй. Одоо нэр дэвшиж байгаа энэ хоёр хүнээс хамгийн хурдан намаа эвлэрүүлж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулах сүүлийн цайз нь би өөрийгөө боллоо гэж харж байна. Нөгөөтэйгүүр би ялбал хамгийн түрүүнд Ардчилсан намын хуваагдал, өнөөдрийн энэ үүсээд байгаа асуудалд зоригтойгоор шууд цэг тавина. Ингэж ажиллаж чадна гэдэгтээ огт эргэлзэхгүй байна.
-Х.Баттулга гэдэг хүн улс төр дэх шинэ карьераа эхлүүлэх ажлаа намаасаа эхэлж байна гэж улстөрчид ярьж байгаа. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Би үүнийг үгүйсгэж байна. Аливаа хүн шинэ карьер эхлүүлэхийн тулд сайн түүхтэй байх ёстой. Энэ хүний өнгөрсөн 32 жилийн түүхийг хар даа. Ардчилсан намыг булшилсан, доройтуулсан хүмүүсийн нэг бол Х.Баттулга шүү дээ. Тийм болохоор энэ хүнийг дахин шинэ хэв маягаар гарч ирсэн ч асуудлыг шийдвэрлэж, бодлогыг хэрэгжүүлж явж чадахгүй гэж бодож байна. Харин надад бол боломж байна. Яагаад гэвэл би найман сонгуулийн долоод нь ялсан хүн. Монгол Улс 21 аймагтай. Миний хувьд Сүхбаатар аймагт тав дараалан ялж, бодлогоо хэрэгжүүлж байсан. Тэгвэл 21 аймгийг бүхэлд нь яагаад тав дараалан ялуулж болохгүй гэж?Нийслэлийг яагаад ялуулж болохгүй гэж? Маш богино хугацаанд намаа нэгтгээд 2024 онд ялалт байгуулбал өнөөгийн үүсээд байгаа энэ түгжрэл, утаа, авлига, эрх мэдлээ урвуулан ашигладаг төрийн гажуудалтай тогтолцоо, энд тэндхийн төсөв, банк, сангаас мөнгө хувьдаа шамшигдуулдаг, хуулиа дээдэлдэггүй, хууль тэгш бус үйлчилдэг гэх мэт олон асуудлыг шийдвэрлэж чадна. Надад төлөвлөгөө байна, жор байна. Үүнийгээ ч би өнгөрсөн долоон удаагийн сонгуульд ялалт байгуулахдаа харуулж ирсэн. Ардчилал тогтвортой байснаараа ямар үр дүнд хүрдгийг би Сүхбаатар аймгаар жишин хэлж болно. Тухайлбал, тус аймагт 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл ялалт байгуулан ардчилал тогтвортой засаглаж байна. 2000 онд Сүхбаатар аймгийн нийт иргэдийн хадгаламж таван тэрбум төгрөг л байлаа шүү дээ. Өнөөдөр энэ тоо өсч 150 тэрбум төгрөг болчихлоо. Гэтэл 10 жилийн өмнө байсан Монголын эдийн засаг өнөөдөр байрандаа л байна шүү дээ. Бодлого үнэхээр явахгүй байна. Бодлого явдаг газрын эдийн засаг яаж өсч хөгжиж байгааг Сүхбаатар аймгаас л харчих хэрэгтэй.
-Намыг эвлэрүүлэх, хэвийн үйл ажиллагаанд нь оруулах хүн Х.Баттулга биш ээ гэж хэлэх гэж байна уу?
-Тийм. Энэ хүн энэ ажлыг хийж чадахгүй. Яагаад гэвэл Х.Баттулга Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, бүр Ерөнхийлөгч хүртэл хийчихээд өнөөдөр Ардчилсан намыг орох оронгүй, оочих аягагүй талын нэг тараачихсан хүмүүсийн нэг шүү дээ. Өнгөрсөн 32 жил чадаагүй байж өнөөдөр гэв гэнэт ухаан орсон хүн шиг 33 дахь жилдээ чадна гээд гараад ирэхээр хэн итгэх юм. Тэр утгаараа чадахгүй гэдэгт нь огтхон ч эргэлзэхгүй байна. Манай гишүүд, дэмжигчид, сонгогчид энэ удаад чаддаг хүнийг нь дэмжинэ. Тиймээс би энэ намын дарга болно. Болно гэдэгтээ ч эргэлзэхгүй байна.
-Хэрэв Х.Баттулга Ардчилсан намын даргын сунгаанд ялалт байгуулчихвал яах вэ?
-Миний өрсөлдөгч Х.Баттулга дарга болчихвол энэ нам нэгдэх нь байтугай улам бүр жижгэрч, салан бутарна.
-Намын даргын сунгаа хэзээнээс эхлэх вэ?
-Манай намын Дотоод сонгуулийн хороо хуралдаад энэ сарын 16-нд нээлтээ хийгээд, ирэх дөрөвдүгээр сарын 3-нд саналаа хураахаар тогтсон байгаа. Улмаар дөрөвдүгээр сарын 7-ны намын Их хурлаар ялсан нэр дэвшигчээ батламжилж, Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу дээд шүүхэд бүртгүүлнэ. Ингээд Ардчилсан нам хуулийн дагуу даргатай болсноор бодитоор нэг цул болж, асуудлаа шийдвэрлээд явна. Цаашид эрх баригчдыг сонгоогүй үлдсэн 60 орчим хувийн иргэдийн итгэл үнэмшлийг бөөгнүүлэх, үзэл санаагаа нэгтгэх, энэ хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй байгаа УИХ, Засгийн газар, төрийн эрх барьж байгаа улсын буруу үйлдлүүдийг хазаарлах, хяналт тогтоох үйл ажиллагаандаа тууштай орно. Үүнийгээ ч хурдхан хийх, намаа нам шиг болгохын төлөө нэр дэвшиж байна.
-Танай нам дүрмийнхээ дагуу асуудлаа шийдээд л байдаг. Гэтэл даргаа тодруулаад шүүх дээр очихоороо л гацчихдаг, буцаагдчихдаг шүү дээ. Энэ удаад дахин ийм асуудал үүсвэл яах вэ?
-Монгол Улс бол эрх зүйт төртэй, ард түмэн нь хуулийн дор амьдардаг орон. Тэгэхээр Дээд шүүхийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гарсан 38 дугаар тогтоолын хүрээнд л асуудал шийдэгдэх ёстой. Би туршлагатай хуульч, эрдэмтэн, судлаач гэх мэт хуулийн хүрээний олон хүнээс зөвлөгөө авсан. Энэ дагуу буюу Ардчилсан нам сунгаагаа хийгээд Их хурлаараа асуудлаа шийдвэрлээд түүнийгээ Улсын дээд шүүхэд өгөөд бүртгэлээ баталгаажуулах энэ процесст өөрөө ямар нэгэн эрх зүйн доголдол байхгүй гэж үзсэн. Тиймээс эрх зүйн талаасаа ч юм уу шүүх хуулийн талаасаа асуудал үүсэхгүй.
-Та бүхний энэ сунгааг нөгөө тал чинь зүгээр хараад суухгүй л байх. Дахиад л тамга тэмдгийн асуудал үүсэхээр байгаа юм биш үү?
-Дээд шүүхээр асуудал шийдэгдлээ л бол энд тэнд тамганы асуудал гарахгүй. Дээд шүүх нэг л намыг, нэг л тамгыг бүртгэнэ шүү дээ. Ингээд асуудал нэг талдаа гарчихна. Харин өмнө нь “Би тамгатай, би дарга байсан” гээд яриад байсан хүмүүсийг би ад үзэхгүй. Тэртэй тэргүй тэр хүмүүс хуулиараа татан буугдана. Нөгөөтэйгүүр энэ намаас эрт орой хөөгдсөн туугдсан, бие биенийхээ өс хонзонгоор буланд шахагдсан бүх хүнтэй ойлголцолд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний үеийнхэн бодлого тодорхойлох цаг нь болсон. Миний хувьд үеийнхээ залуустай ойлголцолд хүрч чадна гэж бодож байгаа шүү.
-Ардчилсан намын хагарал, талцлыг та хэрхэн харж явдаг хүн бэ?
-Миний хувьд Ардчилсан намын өнөөгийн энэ уналтыг манай үе үеийн удирдлагууд, намын лидерүүдийн хоорондын ашиг сонирхлын зөрчил, таарамжгүй байдал, хувийн ашиг хонжоо яван явсаар энэ хүнд нөхцөл байдлыг бий болгосон болов уу гэж хардаг. Бүр сүүлдээ ардчиллыг байхгүй болгох зам руу чирээд оруулчихлаа шүү дээ. Ардчиллын оршин тогтнох үндэс нэгдүгээрт, оролцооны хэлбэр байдаг. Хоёрдугаарт, олонхын засаглал буюу олонхоо дагасан шийдвэр, бодлого нь гарч байдаг. Ингэж байж сая ардчилал бат бөх оршин тогтноно. Нөгөөтэйгүүр хүн бүр хуулийн дор байх ёстой, хүний эрхийг нэгдүгээрт тавьдаг, хувийн өмч, хөдөлмөр дээр суурилсан эдийн засагтай ийм үзэл санаагаар л ардчиллын суурь бат бөх оршдог. Энэ бүх зүйл анхан шатандаа буюу жирийн өрх, иргэнд очиж наалдаж байдаг системийг л ардчилсан тогтолцоо гэж ойлгодог. Ингээд УИХ-ын гишүүн болчихоод орж ирээд харлаа. Миний мөрөөдөж байсан, ойлгож байсан ардчилал алга байна. Ардчилсан намыг олон сонгуульд ялагдал хүлээлгэсэн дарга нь ч огцордоггүй, дараагийн дарга нь ч тодордоггүй. Ингэж явсаар л өнөөгийн нөхцөл байдалд тулж ирлээ.
-Ер нь Ардчилсан намын өнөөдрийн энэ уналт хаанаас эхтэй юм бэ?
-Норовын Алтанхуягийн Засгийн газар 2012 онд гарч ирээд бүх хүнд хөдөлмөрлөх урам зориг өгсөн. Энд ч зам барьсан, тэнд ч барилга байшингууд босч, бизнес, эдийн засгийн болон нийгмийн амьдрал эрс сайжирч ирсэн. Гэтэл манайхны өөрсдийнх нь хоорондох зодооноос болж Н.Алтанхуягийн Засгийн газрыг заналтайгаар унагаасан шүү дээ. Энэ засгийг унагаасан хүн хэн бэ гэдгийг монголчууд бүгд л мэдэж байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газар унасны маргаашаас эхлээд Ардчилсан намын сүр сүлд, цог хийморь алга болсон, мөхсөн. Одоог хүртэл сэргээгүй явж байна. Сэргэх ёстой. Сэргээж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
-УИХ-ын ээлжит сонгууль болох хугацаа улам л ойртсоор байна. Гэтэл цаг хугацаа ийм давчуу, сонгууль тулж ирчихээд байхад танай нам дөнгөж даргын асуудлаа дотоодынхоо асуудлыг шийдвэрлэх гээд явж байна. Тэр утгаараа үлдсэн богино хугацаанд намаа засч, сонгуулийн ажилдаа орж, улмаар ялалт байгуулна гэсэн хэр итгэлтэй байна вэ?
-Бид ялалт байгуулж чадна гэдэгтээ эргэлзээгүй байна. Эхний ээлжинд энэхүү сунгаандаа ялалт байгуулаад, эрх зүйн зөрчилгүй албан ёсны Ардчилсан нам нэг болчихсоны дараа намын зохион байгуулалт, дотоод эв нэгдлийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж болно гэдэгтээ ч итгэлтэй байна. Маш богино хугацаанд намаа эмхэлнэ. Бүх талуудтай хэлэлцээрийн ширээнд сууна. Ингээд 2024 оны сонгуулийн ажилдаа шууд орно. Цаашид Ардчилсан нам зөвхөн судалгаанд суурилсан бодлого шийдвэрийг гаргаж явах болно. Мөн зөвхөн сонгогчдын хүсэн хүлээсэн хүнийг нэр дэвшүүлэх зарчим руу орно. Ардчилсан намын өнөөдрийг хүртэлх ялагдал бол бид хүний нөөцөөрөө дутуудаа биш, бас мэдлэг боловсрол, туршлага дутаж байгаа асуудал биш. Гол асуудал Ардчилсан нам доторх фракц хоорондын зөрчил, хүчтэй нь хүчгүйгээ захирдаг, дээрэлхдэг асууд-лаас үүдэн ялагдалд хүрээд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг түргэн хугацаанд зөв бодлого хэрэгжүүлэн шийдвэрлэнэ.
Эх сурвалж. dnn.mn