3 дугаар сарын 22 буюу Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Ганга нуурын нөхцөл байдал, тэнд хэрэгжиж буй төслийн үйл явцын талаарх мэдээллийг Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Ариунцэцэгтэй цахимаар холбогдож мэдээлэл авлаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. Ярилцлагын эхэнд Ганга нуурын экологийн ач холбогдолын талаар мэдээлэл өгнө үү?
-Баярлалаа. Ганга нуур 1993 онд Дурсгалт газрын ангилалаар, 2004 онд ангилал дээшлэн Байгалийн цогцолборт газрын ангилаар улсын тусгай хамгаалалтад орж 2004 онд Рамсарын конвенцэд бүртгэгдсэн байдаг. 2018 оны мэргэжлийн шувуу судлаачдын хээрийн судалгааны тайлангаас үзвэл, Ганга нуурын орчинд 16 баг, 39 овгийн 108 төрөлд хамаарах 198 зүйл шувуу бүртгэгдсэн нь Монгол оронд тохиолддог нийт шувуудын зүйлийн 40 гаруй хувийг эзэлж байна.Олон улсын хэмжээнд ховор ангилалд багтсан 18 зүйл шувуу бүртгэгдсэн. Эдгээрээс үзэхэд Ганга нуурын ус намгархаг газар маань экологийн хувьд ямар өндөр ач холбогдолтой болох нь ойлгогдож байгаа байх. Сүүлийн жилүүдэд Ганга нуур орчмын экосистем мэдэгдэхүйц доройтож, нуурын усны талбайн суурь хэмжээ багассан.Ганга нуурын усны горим нөөцийг тодорхойлогч хамгийн гол хүчин зүйл бол бүс нутгийн уур амьсгал юм. Дулаарал, хуурайшилт, хур дундас багасах, салхитай өдрийн тоо нэмэгдэх, хэт халах зэрэг үзэгдлүүдийн давтамж нэмэгдэх нь нуур ширгэх шалтгаан болсон. 2016-2017 онд Ганга нуурын усан гадаргын талбай 70-80 орчим хувь хумигдсан. Улмаар БОАЖЯ-наас 2017 онд Ганга нуур орчмын гидрогеологийн болон усны блансын судалгааг хийсэн. Энэ судалгаагаар Ганга нуурын усны түвшин буурах үед нуурын усыг тэтгэх зориулалтаар ашиглах инжнерийн хийцтэй 3 цооногийг технологийн дагуу өрөмдөж тоноглон ашиглалтын зөвлөмжийг боловсруулсан. 2018 онд ГН-2 цооногийг худгийн байдалд шилжүүлэн Ганга нуурт шаардлагатай үед дэм өгөх зорилгоор худгийг ашиглалтад оруулсан. Энэ худгийг 2019 оны 6 дугаар сараас 10 сар хүртэл 2020, 2021 он гээд гурван жил ашигласан байна. Энэ үйл ажиллагаа маань мэргэжлийн байгууллагын гаргасан зөвлөмжийн дагуу хийгдэж байна.
-Тэгвэл яг одоо Ганга нуурыг сэргээх, хамгаалах зорилгоор хэрэгжүүлж буй төслийн талаар танилцуулаач?
-Ганга нуурын ус намгархаг газрыг байгалийн аясаар сэргээх зорилгоор “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төсөл хэрэгжиж байна. Төслийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, молцог элсний ургамалжилтын судалгаа, мод үржүүлгийн газар, Ганга нуурыг малын хөлийн талхдалаас хамгаалах зорилгоор нуурын эргийн хамгаалалтын бүсээс гадагш 500 метр радиуст 20 км хашаажуулалт, бэлчээрийн зориулалтаар 10 худаг гарган малчдад хүлээлгэн өгсөн бол усалгааны зариулалттай гурван худгийг гаргаад байгаа. Цаашид хамгаалалтын ойн зурвас, бичил цэцэрлэгт хүрээлэн, 60 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, амрах талбай,шувуу харах цамхаг бүхий нуурын эргийн тохижилтын ажлууд тусгай зургийн дагуу хийгдэнэ.
-Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш гарсан үр дүн хэр байгаа вэ?
-Сүүлийн хоёр жил ковидын улмаас үйл ажиллагаа явагдсангүй. Гэсэн хэдий ч бид төслийг хэрэгжүүлснээр Ганга нуурын ус намгархаг газарт хийгдсэн судалгааны ажил болон бүтээн байгуулалтын ажил нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил болсон. Нуур сэргэж нуурын усны түвшин нэмэгдсэнд бид баяртай байгаа. 2022 онд Ганга нууранд хийгдсэн хамгаалалтын ажлын үр дүнг тооцох ард иргэдэд сурталчилан таниулах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийхээр төлвөлсөн байгаа. Өөрөөр хэлбэл 2017 оноос хойш Ганга нууранд хийгдсэн ажлуудын үр дүнг тооцох судалгааны ажил хийгдэнэ гэсэн үг. Энэ ажлын бэлтгэл хангагдаад явж байна.
-Төслийн зорилго бол эцсийн дүндээ Ганга нуурын ширгэлтийг зогсоож, усны түшинг нэмэгдүүлэх шүү дээ. Одоогоор усны түвшин ямар байгаа вэ, үүнийг хэрхэн яаж тогтоож байна?
-Тийм ээ. Эцсийн зорилго маань Ганга нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалах. Нуурын усыг тогтмол хэмжилт хийж, боловсруулалт хийгдэж байна. Энэ үйл ажиллагааг цаг уурын албан дээр усны харуул хийдэг. Мэдээж олон хүчин зүйлийн нөлөөгөөр нуурын усны түвшин тогтмол нэмэгдэж байгаа. Жишээлбэл, 2020 онд нуурын ус 30-40 см-ээр нэмэгдсэн бол хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оны мөн үеэс дахин 8-12 см-ээр ахисан гэсэн дүгнэлт гарсан.
-Орон нутгийн зүгээс хамтарсан ямар ажил, арга хэмжээг зохион байгуулж байна?
-Дарьгангын байгалийн цогцолбор газар /БЦГ/-ын хамгаалалтын захиргаа, Дарьганга сумын ЗДТГ, ЗАСХ төв хамтран Хунгийн баяр-2021 арга хэмжээг 10 дугаар сарын 10-ны өдөр Ганга нуурын хөвөөнд зохион байгууллаа. Уг арга хэмжээ Ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах, нутгийн иргэдийн төрөлх нутгийнхаа үзэсгэлэнт байгалиар бахархах сэтгэлийг дэмжих, Ганга нуурын экосистем, ховор зүйл шувуудын хамгаалалыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах, орон нутагт чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дарьгангачуудын аж амьдрал ёс заншил,түүх соёлыг Монгол Улсдаа төдийгүй дэлхий даяар сурталчлах зорилготой арга хэмжээ юм. Сүхбаатарчууд бид хун чуулдаг нууртай хүн цугалдаг уулстай их азтай улс. Тийм учраас энэ давуу талаа ашиглан Дарьгангачуудын соёлын өв, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах, аялал жуулчлалыг татах, үндэсний эвэнт бий болгох зорилготой ажиллаж байна.
-Ер нь жилд хичнээн жуулчин Ганга нуурыг зорин ирж байна, тэдний хичнээн нь гадны жуулчид байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд Дарьганга нутгийг зорин ирдэг дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж улирлын хамааралгүй болж байна. Сүүлийн гурван жилийн хувьд 4-5 мянган жуулчин ирж байсан бол энэ онд 10 мянга орчим жуулчин ирсэн байна. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх нэг удаагийн тасалбарын тоогоор үзүүлсэн тоо л доо. Тасалбар аваагүй хүмүүс ч бий, тэгэхээр жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Харин гадаад жуулчин одоогоор байхгүй байна. –Тэгвэл энэ давуу талаа ашиглаад Ганга нуур орчмын аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд хийх ёстой ажил юу гэж та харж байна?
-Бид аялал жуулчлалыг маш нарийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх ёстой гэдгийг бусад газрын жишээ харуулж байна. Энэ хүрээнд Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас нутгийн иргэдэд түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Дарьганга бол Сүхбаатар аймгийн аялалын гол бүс нутаг. Үүн дээр анхаарч ажиллахын зэрэгцээ хил орчмын аялал жуулчлалыг онцгойлон хөгжүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлэх нь бидний яаралтай хийж гүйцэлдүүлэх ажил болоод байна.
-Та бүхний ажил, үйлчилгээнд тулгарч буй бэрхшээл юу байна?
-Дарьгангын БЦГ маань байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аялал жуулчлалын бүс нутаг юм. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах мэргэжлийн боловсон хүчний асуудал үнэхээр хүндрэлтэй байна. Энэ нь төрийн албан хаагчийн цалин хөлс, амьдрах нөхцөлтэй ч холбоотой байдаг байх. Үнэхээр ажил мэргэжлээ, нутаг эсээ гэх чин сэтгэл зүтгэтэй болосвон хүчин бидэнд дутагдаж байна. Нөгөө талаар ганц манайх гэлтгүй хаа сайгүй тулгарч буй нэг бэрхшээл бол дотоодын аялагчид аяллын боловсролгүй, түүх, байгалийн дурсгалт газруудад хүндэтгэлгүй хандаж, бидний ажлыг үнэгүйдүүлэх, түүх соёлын хөшөө дурсгалууд, байгаль орчныг бохирдуулах явдал эолбэг байна. Тиймээс аялагчдаа боловсруулах тал дээр онцгойлон анхаараасай, нөгөө талаар иргэд маань дор бүрнээ ухамсартай байгаасай гэж хүсэх байна.
-Ярилцсанд баярлалаа.