Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн хөгжмийн багш Б.Баттуяатай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд залуу багш хэдий ч мэргэжлээрээ ажиллах хугацаандаа олон амжилтуудыг гаргасан, хамт олон, сурагчид, эцэг эхчүүдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн Сүхбаатар аймгийн чадварлаг хөгжмийн багш нарын нэг юм.
Юуны өмнө танд ярилцах боломж олгосонд талархал илэрхийлье. Дуу хөгжмийн багшаар хэд дэх жилдээ хичээллэж байна. Таны мэргэжлийн сайхан нь юу юм бэ гэдэг асуултар яриагаа эхэлье?
Намайг гээд зорин ирсэн та бүхэнд мөн маш их баярлалаа. Багш хүн гэдэг хүнээр хүн хийж байгаа, хүнийг урлаж байгаа дархан хүмүүс гэж би боддог. Би 2002 онд Соёлын дээд сургуулийг “Дуу хөгжмийн багш” мэргэжлээр төгсөөд 14 дэх жилдээ ажиллаж байна. Одоо бол “хөгжмийн багш” “хөгжмийн хичээл” гэж нэрлэдэг болсон. Өмнөх нэршлээр олон жил явж байгаа ч анхнаасаа дуу гэх тодотгол нь байгаад удсан учраас бусад мэргэжлийн багш нар болон хүүхдүүд маань одоо ч заримдаа дуу хөгжмийн багш гэж дуудсаар л байдаг. Анх энэ мэргэжлээ сонгохдоо маш их хүсэл тэмүүлэлтэйгээр сонгож байлаа. Өдөр бүр хаа ч таарсан “Сайн байна уу дуу хөгжмийн багшаа” гэж чин сэтгэлээсээ мэндэлдэг хүүхдүүдийнхээ тэр харц, дуу хоолойн өнгө “Өнөөдрийн хичээлээр дуулах уу, хөгжимдөх үү, бүжиглэх үү” гэх зэргээр асууж шалгаан сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа сурагчдаа хараад би эрч хүчээр дүүрэн байдаг. Хүүхдүүд чинь хөөрхөн шүү дээ. Хаана ч хамаагүй гудамжинд явж байсан ч дуу хөгжмийн багшаа гээд л хаа холоос дуудна ш дээ. Тэгэхээр багш мэргэжил бол үнэхээр сайхан мэргэжил учраас би мэргэжилдээ дуртай, мэргэжилдээ хандах хандлага маань өөрчлөгддөггүй.
Хөгжмийн хичээлийн бусад хичээлээс ялгарах онцлог юу байдаг юм бэ?
Манай хичээлийн онцлог чинь 1-9 дүгээр анги хүртэл анги болгондоо заавал судлах агуулгыг системтэйгээр эзэмшүүлдэг. Жишээ нь 1-р ангид байгалийн дуу чимээ шуугианыг сонсож ялгаж танин мэдэх бол 9-р ангид орчин үеийн хөгжмийн урсгал тэдгээрт хамаарах урлагийн төрлүүдийн талаар ойлголттой болох жишээний. Үүний зэрэгцээ дуулах хөгжимдөх бүжиглэх сонсох зэрэг үйлүүдээр дамжуулан тэдний чадварыг хөгжүүлж, авьяасыг нээн илрүүлэх, танин мэдэж байдаг хичээл учраас учраас үүгээрээ бусад судлагдахууны хичээлүүдээс ялгардаг онцлогтой.
Та өмнө нь мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байсан шүү дээ. урлагийн салбараас боловсролын салбарт шилжихэд ямар ямар өөрчлөлт ажиглагдаж байна?
Мэргэжлийн урлагийн байгууллагаас боловсролын салбарлуу шилжихэд маш их ялгаатай. Мэргэжлийн урлагийн байгууллагад мэргэжлийн болон мэргэшсэн уран бүтээлчид байдаг. Би “Жаахан шарга” ХЖТеатрт 6 жил гаруй хугацаанд ажиллахдаа театрынхаа уран бүтээлчидтэй олон уран бүтээл дээр хамтран ажилласан байдаг: Энэ хэрээрээ өөртөө чамгүй туршлага хуримтлуулж үүнийгээ одоо ч дугуйлан секц хичээллүүлэхдээ ашиглаж байдаг. Боловсролын салбарт шилжин ажиллахад, сургуулийн үүдээр алхан ороход мэдрэгдэх мэдрэмжээс эхлээд, өдөржин хүүхдүүдийн чимээ шуугиан бужигнаан дунд уусаж, ажил амьдралынхаа нэгээхэн хэсгийг сурах сургах их үйлсэд зориулж байгаа болохоор хоорондоо маш ялгаатай. Театрт ажиллаж байхдаа урын сан бүрдүүлэх, нот бичлэг, партитуртай ажиллах зэргээр уран бүтээлч байдлаар ажилдаг бол багш болсноор ээлжит хичээлийг зохион байгуулах түүнд ашиглах хэрэглэгдэхүүн болон урын сан гэх зэргийг эрэл хайгуул хийж илүү шинжлэн судлаж хүүхдүүдээ сургахын хажуугаар насан туршдаа өөрийгөө бас хөгжүүлж байдаг гэх юмуу даа. Бусад мэргэжлийн хүмүүс ажлын цаг дуусаад гэртээ харьж амардаг бол багшийн ажил гэртээ ч үргэлжилж байдаг.
Таны хувьд өнгөрсөн онд аймгийн шилдэг баш нарын нэгээр шалгарсан. Дуу хөгжмийн ганцхан багш байсан санагдаж байна?
Тиймээ. Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-аас зарласан уралдаанд оролцож, шилдэг 26 багшийн нэгээр шалгарсан. Хөгжмийн хичээлийг чухалчилж, ач холбогдол өгч хөгжийн багш нарын ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлсэнд маш их баяртай байгаа. Энэ бол үнэхээр ганцхан Сүхбаатар аймаг төдийгүй улсын хэмжээнд, манай салбарын хэмжээнд онцлохуйц маш том ажил байсан.
ЕБС-ийн хэддүгээр ангиас эхлэн дуу хөгжмийн хичээлийн мэргэжлийн багш орж байна. Ер нь хичээлийн цагийн хүрэлцээ хэр байдаг вэ?
ЕБС-ын 1-9 дүгээр анги хүртэл хөгжмийн хичээл ордог. 1-4 дүгээр анги хүртэл 7 хоногт хоёр удаа, 5-9 дүгээрр ангиудад долоо хоногт 1 удаа ордог. Жилээс жилд хүүхдийн тоо ихсэж бүлэг нэмэгдэж байгаатай уялдаад хөгжмийн хичээлийн цаг ч нэмэгдэж байгаа.
Тэгвэл та долоо хоногт хэдэн цагийн хичээл зааж байна?
Миний хувьд 7 хоногт 27 цагийн хичээлийн цагтай. Үүнийхээ хажуугаар Лхагва, Бямба гарагуудад дугуйлангаа хичээллүүлдэг.
Хичээлээс гадуур ямар ямар дугуйлан хичээллүүлж байна. Хүүхдүүдийн идэвх оролцоо ямар байх уу?
Ардын хөгжмийн дугуйланг хичээллэдэг. Өнгөрсөн жилээс хүүхэд багачуудын сонирхолыг татаж байгаа үкүлэлэ хөгжмийн дугуйланг хичээллэж эхэлсэн. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ хөгжмийн боловсролд харьцангуй анхаардаг болж. Хүүхдийнхээ юу сонирхож, хаашаа тэмүүлж байгааг нь анхааралтай сонсдог болсон үе. Тийм болохоор хүүхдийнхээ сонирхлыг нь хөгжүүлээд энэ чиглэлээр дугуйлан секцэд явуулчихмаар байна багшаа хаана ямар сургалт дугуйлан боломж юу байна гэж их асуудаг болсон. Сургууль маань үндэсний хөгжмийн зэмсгийн хувьд хангалттай байдаг учраас сонирхлын дагуу дугуйлан хичээллэх боломжтой, харин үкүлэлэ хөгжмийн зэмсгийг эцэг эхчүүд маань өөрсдөө бэлтгээд хүүхдэдээ заалгах бүрэн боломжтой байгаа. Үүнээс гадна манай сургуульд гитарын дугуйлан мөн хичээллэж байгаа. Ер нь бид боломжтой бүх хувилбараар хүүхдүүдээ хөгжүүлж дугуйланг хичээллэхийг хичээдэг.
Хүүхдүүд ялангуяа бага ангийнхан дуу хөгжмийн хичээлд их дуртай байдаг. Яг энэ дур сонирхолд нь тулгуурлан мэдлэгээ олгох нь багш хүний чадвар бас мэдрэмж байх?
Бага анги гэлтгүй дунд ангийн сурагчид маань хүртэл хөгжмийн хичээлд маш дуртай сониролтой оролцдог. Яагаад гэвэл дуу хөгжим бол тэдний сонирхлын нэгээхэн хэсэг учраас. Хэдийгээр анги болгоны заавал судлах тогтсон агуулга гэж байгаа ч ялангуяа дунд ангийн сурагчдынхаа хүсэл сонирхол хэрэгцээ хандлагыг бас орхигдуулалгүй тэдний сонсож байгаа дуу хөгжим, сонирхож байгаа төрлүүдийг хүртэл сонирхох хэрэгцээ шаардлага бидэнд үүсдэг. Үүнийг ээлжит хичээлтэйгээ холбож явуулдаг. Бага ангийн сурагчид илүүтэйгээр хичээлийн эхэнд заавал дуулах, бүжиглэх зэрэг үйлийг хийсний дараагаар шинэ хичээлд ордог. Энэ нь тэдний хичээд оролцох оролцоо идэвхийг өдөөж өгдөг юм л даа. Ер нь л манай хөгжмийн хичээл маш их өрнөл дунд болж өнгөрдөг шүү.
Танай сургуулийн хувьд дуу хөгжмийн хичээл явуулах орчин нөхцөл хэр бүрдсэн бэ, хөгжмийн болоод бусад тоног төхөөрөмжийн хангалтын тухайд?
Манай сургуулийн хувьд 2013 онд байгуулагдсан ес дэх хичээлийн жилдээ явж байгаа сургууль боловч хөгжмийн хичээл зохион байгуулах орчин болоод хичээлийн бусад хэрэглэгдэхүүн техник тоног төхөөрөмжөөр хангалттай сайн хангагдсан. Сургуулийн маань урлагийн заалны хувьд энэ хичээлийн жилдээ багтаад дотоод тохижолт удахгүй хийгдэхээр болж хөрөнгө санхүү шийдэгдсэн байгаа.Удахгүй энэ заал маань сайхан тохижоод ирэхээр хүүхэд хөгжүүлэх арга хэмжээнүүд маань явагдана. Ер нь манай сургуулийн захиргаа энэ тал дээр маш их анхаарч, дэмжиж ажилладаг.
Зарим эцэг эхчүүдийн хувьд дуу хөгжим, биеийн тамир, эрүүл мэнд гэх мэт хичээлүүдийг туслах хичээл гэж үзээд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа юм шиг санагддаг. Ийм хандлагыг та мэдэрч байсан уу, эсвэл одоо тэр ойлголт өөр болсон уу?
Хэдхэн жилийн өмнө иймэрхүү хандлага ажиглагддаг байсан ч одоо бас өөр болсон. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд ковидоос шалтгаалаад хүүхдүүд гэртээ удаан хугацаанд байснаас гадна зайнаас хичээллээд тодорхой хэмжээгээр дэлгэцнээс хамааралтай болчихсон байгаа. Энэ ч утгаараа танхимаар хичээллэж эхэлсэн энэ үед хөгжим, биеийн тамирын хичээлийн үүрэг хариуцлага ихээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл эдгээр хичээлүүдээр дамжуулж сурагчдын хоорондын харилцаа хандлага, багаар ажиллах чадвар идэвхийг сэргээж өгөх үүрэгтэй. Бид танхимын хичээлээ орохдоо ч энэ талаар анхаарч ээлжит хичээлээ хүүхэд хөгжсөн чадваржсан хичээл болгохоор онцгой анхаарч хичээлээ орж байгаа.
Сүхбаатар аймагт дуу хөгжмийн багш маш их эрэлттэй байдаг. Мэргэжлийн дуу хөгжмийн багш бэлтгэгдэхгүй байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна?
Манай аймаг гэлтгүй улсын хэмжээнд хөгжмийн багшийн эрэлт хэрэгцээ маш их байдаг. Янз бүрийн шалтгаан нөхцөл байдалтай холбоотой байх. Манай аймгийн хувьд ЕБ-ийг төгсөж байгаа хүүхдүүд маань жил бүр ур чадвар өгөөд “хөгжмийн багш” бэлтгэдэг их дээд сургуульд явдаг. Бусад сургуулийн хөгжмийн багш нар ч бүгд жил бүр ур чадвар өгч хөгжмийн багшаар сурах сонирхолтой хүүхдүүдийг бэлтгэдэг. Харин тэдгээр хүүхдүүд маань төгсөөд орон нутагтаа ирж ажиллах тал дээр дутмаг байгаа харагддаг. Жишээ нь, манай сургуулиас өнгөрсөн жилүүдэд долоон сурагч хөгжмийн багш мэргэжлээр суралцахаар сонголт хийгээд түрүүч нь энэ мэргэжлээрээ төгсөөд лаборатори нэгдүгээр сургууль болон, Эрдэнэцагааны ЕБС-д хөгжмийн багшаар ажиллаж байна. Одоо дөрвөн хүүхэд энэ мэргэжлээр суралцаж байгаа. Эдгээр хүүхдүүд маань төгсөөд орон нутагтаа ирж ажиллах байх гэсэн багшийн хүлээлт байгаа.
Тэгвэл ярилцлагын төгсгөлд мэргэжлээ сонгохоор төлөвлөж буй сурагчдад хандаж та нэг сайхан уриалга хэлээч?
Мэргэжлээ сонгоход зайлшгүй харгалзан үзэх ёстой хэд хэдэн зүйл байдаг юм шиг санагддаг. Хамгийн эхэнд өөрийн сонирхол маш чухал. Учир нь хүн дуртай зүйлдээ цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахад бэлэн байдаг. Дараагийнх нь миний өөрийн авьяас, болон бие мах бодь физиологийн онцлог шинж. Жишээ нь, багш хүн удирдан чиглүүлэх манлайлах чадвартай маркетингийн менежер хүн нээлттэй, хөдөлгөөнтэй, сэргэлэн байх ёстой, нягтлан бодогч хүн анхаарлын төвлөрөлт сайн гэх мэтчилэн ч юмуу. Хамгийн сүүлд нь тухайн мэргэжлээр төгсөөд ажиллах зах зээлийн эрэлт хэрэгцээ чухал юмуу даа. Эдгээрийг бодож, тунгаах нь чухал. Эцэст нь яг одоо мэргэжилээ сонгох маш чухал алхамыг хийж байгаа хүүхдүүддээ хандаж хэлэхэд хүн ямар ч мэргэжил эзэмшихээр сонголт хийсэн бай тухайн мэргэжлийнхээ эзэн нь болохын төлөө хичээн суралцаарай гэж хэлэх байна. Би өөрөө ч энэ зарчмыг ч баримталж ажилладаг.