Хаврын хуурайшилттай холбоотойгоор ахуйн гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр танилцууллаа. Өнжмөл шар өвсөө шатаах, үнс нурмаа ил задгай асгах зэрэг нь түймэр гарах шалтгаан нөхцөл болж байна гэв.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд аймгийн хэмжээнд ахуйн гал түймэр тав гарчээ. Түмэнцогт, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумдад түймэр гарч, ОБГ-ын эрэн хайх, аврах бүлэг, гал түймэр унтраах аврах ангиуд шуурхай ажиллаж түймрийг унтраасан байна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар салхи шуургатай, хуурайшилттай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс онцгойлон анхааруулав. 4 дүгээр сарын 4-ний өдөр гэхэд тус аймагт салхины хурд 32 м/сек хүрч, хэсэг хугацаанд үзэгдэх орчин хязгаарлагдаж, шороон шуурга шуурсан юм.