Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АВТОБУС АЯЛАЛААР ДАМЖУУЛАН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛЖЭЭ

Орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, зорилгоор МҮХАҮТ-ын Сүхбаатар аймаг дахь салбар танхимаас санаачлан “Бизнес ололт- Автобус аялал” арга хэмжээг анх удаа 4 дүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд орон нутгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 40 иргэн хамрагджээ.

Автобустай аялалын үеэр бизнес эрхлэгчдэд төрийн зүгээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ач холбогдол, бүтээгдэхүүн үйлчилгээндээ стандарт нэвтрүүлж, олон улсын зах зээлд борлуулалт хийх боломж, аж ахуй нэгжүүд ажлын байранд галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээллийг Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот хүртэлх аян замын хугацаанд өгчээ.

Аялалын хоёр дахь өдөр МҮХАҮТанхимын удирдлагуудтай уулзаж цаашид хамтран ажиллах санал солилцохоос гадна бизнес эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжийн талаар санал солилцсон байна. Мөн тэдэнд бүтээгдэхүүнээ оюуны өмчөөр хэрхэн хамгаалах, татварын хуулийн шинэчлэлтийн тухай ойлголт, түүний хэрэгжилтийн талаар, Монгол банкнаас хувийн болон өрхийн санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгчдийг Монгол Улсын Эрдэнэсийн сангийн музей, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй “Гоёл” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулж, бүгд Төрийн ордноор зочилжээ.

Энэхүү арга хэмжээг орон нутагтаа анхдагч, шинэлэг бүтээлч ажил болсныг бизнес алалд оролцогчид цохон хэлж байна. Тиймээс ХАҮТ-аас цаашид уг ажлыг ААНБ-ын ажилтан, хоршоодын төлөөллийг оролцуулан үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Дээрх аялалыг ХАҮТ нь аймгийн ЗДТГ, Стандарт хэмжил зүйн хэлтэс, ОБГ-тай хамтран зохион байгуулжээ.