Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАРЫН ЗАЛУУС ТАЙВАН ЖАГСААЛЫГ ДЭМЖИН ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА

Үнийн өсөлтийн эсрэг “Өөрсдөө хэмнэ, ажлаа хий” тайван жагсаалд Сүхбаатарын залуус нэгдлээ. Жагсаалын шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайд хүлээн авч, Засгийн газраас зохих шийдвэрүүдийг гаргасан ч залуусын эхлүүлсэн жагсаалыг орон нутгийн залуус үргэлжлүүлж, шаардлагаа сануулж байх нь зүйн хэрэг гэдгийг тэд хэлж байна.

Өөрөөр хэлбэл нэг удаа жагсаад өнгөрөх биш үргэлж шаардлагаа тавина, олон мянган залуус буюу маш их хүч орон нутагт бий гэдгийг үүргээрээ харуулахыг зорьжээ. Нөгөө талаар үнийн өсөлт, зээлийн хүү зэрэг асуудал орон нутагт илүү их байгаа нь залуусын амьдралд дарамт болж, хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд олсон цалин хөлс нь өрөнд явж, амьдралд нь хүрэлцэхгүй байгааг тэд өөрсдийн барьсан уриа лозонгоор илэрхийлсэн байлаа.

Залуус жагсахдаа Цагдаагийн газраас албан ёсны зөвшөөрлийг авсан бөгөөд 4 дүгээр сарын 10-ны өдөр дахин үргэлжлүүлэх юм. Эхний өдөр цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбоотойгоор цөөхөн залуу ирсэн ч хоёр дахь өдрийн жагсаалд илүү олноороо оролцож дуу хоолойгоо нэгтгэх, цаашлаад орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлаа тодорхойлж хамтдаа шаардлага хүргүүлэх боломжтойг хэлж байв.