“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг Хүүхдийг Ивээх Сан Дэлхийн Банкны менежментээр Японы Нийгмийн Хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь орон нутгийн хүүхэд, залууст олон талын ач холбогдолтой. Тиймээс төслийн үйл явц болон цаашид үргэлжлэх ажил, арга хэмжээний талаар ЯХИС-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын ажилтан Ө.Маралтай ярилцлаа.
Эхлээд төслийн талаар уншигчдад маань танилцуулна уу. Яг ямар зорилготой төсөл юм бэ?
Монгол Улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130 дугаарт жагсдаг. Тэр дундаа орон нутгуудад ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүнг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр төслийн баг зорьж байна. Энтрепренершип гэдэг үг бол хүний хэрэгцээг олж хараад түүнийг шинэ бүтээгдэхүүн, шинэ бизнесийн загвараар өндөр үр дүнтэйгээр шийдвэрлэх үйл явц гэсэн утгатай үг. Төслийн зорилго бол өсвөр үеийнхэнд энэ боловсролыг олгоно л гэсэн үг.
Сүхбаатар аймгийн хэдэн суманд хэрэгжиж байна, хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
Сүхбаатар аймагт төслийн хүрээнд зорилтод 4 сум болох Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр, Мөнххаан сумдын “Төслийн сумын зөвлөл”-ийн дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвүүд зохион байгуулж байна. Төсөл 2019-2023 оныг дуустал 4 жилийн хугацаатай хэрэгжинэ. Бид энэ хугацаанд төслийн үр шимийг түгээн дэлгэрүүлж зорилтод бүлгийн буюу Бүрэн дунд сургуультай, ядуурал ажилгүйдлийн түвшин өндөр байгаа Монгол Улсын баруун, зүүн, төвийн болон хангайн бүсийн төлөөлөл зорилтод 5 аймгийн 25 сумын ЕБС-д сурч байгаа болон сургуулиас гадуурх 14-25 насны 6,000 хүүхэд залуучууд, сумын 20,000 иргэдийг хамруулахаар зорьж ажиллаж байна.
Хувь хүний хөгжлийг илүүтэйгээр дэмжиж хөгжүүлэхийг зорьдог гэж ойлголоо. Төсөл хэрэгжигч сумдын хүүхдүүд нэг талаараа их азтай гэж болох юм. Тэгэхээр энэ боломжийг маш сайн ашиглах нь л зөв байх?
Тиймээ, зорилтот сумдын 14-25 насны бүх хүүхэд залууст нээлттэй. ЕБС-ийн суралцагчдын хувьд сургалтын менежертээ суралцах хүсэлтээ илэрхийлсэн анкет бөглөхөд л болно. Сургалт болон төгсөгчдийн дунд зарлагддаг бичил төслийн шалгаруулалт хавар болон намрын хоёр удааг зохион байгуулагддаг. Төслийн хэрэгжилт зорилтот хүүхэд залууст маань 2 бүрэлдэхүүн хэсгээр хүрч байгаа. Эхний бүрэлдэхүүнд бид зорилтот сумдад бэлтгэгдсэн багш нарын багтай хамтарч ESEL сургалтыг зохион байгуулж амжилттай төгсөн гэрчилгээгээ авснаар 2 дахь бүрэлдэхүүн болох төслийн шалгаруулалтад оролцож шалгарсан тохиолдолд 2,8 сая төгрөгийн санхүүжилтийг авах боломжтой болдог. Төслөөр дамжуулан бүх суралцагчдыг бизнес эрхлэгч, хувийн аж ахуй эрхлүүлэхийг зориогүй. Гагцхүү шинийг эрэлхийлэх өсөлтийн сэтгэлгээтэй, бэрхшээлийг даван туулж алдаа бүтэлгүйтлийг амжилтын эхлэл болгож бид зогсолтгүй урагшилж, хамтаараа багаараа урагшлах сэтгэлгээг бий болгох нь бидний зорилго юм. Мөн 21 дүгээр зууны ур чадвар болох өөрийгөө таньж мэдэх, ухамсарлах, сэтгэл хөдлөлөө тодорхойлох, стрессийг удирдах, цагаа зөв зохицуулах, төлөвлөх, өөрийн давуу тал, хүчийг таньж мэдэх, шинэлэг боломжуудыг илрүүлэх, шинэ санаа гаргах, түүнийгээ турших, харилцааны янз бүрийн нөхцөл байдалд бусадтай зөв харьцах, ойлголцох, анхааралтай сонсох, асуулт асуух, өөрийн санаагаа тайлбарлах, багаар ажиллах, шүүмжлэлт сэтгэлгээтэй байх, мэдээлэл цуглуулах, учир шалтгааныг эргэцүүлэх, ёс зүйтэй шийдвэр гаргах, өөрийн үйл хэргийг эргэж дүгнэх, бэрхшээлтэй тулгарах, түүнийг даван туулах чадваруудыг эзэмшдэг.
Тэгэхээр сум, сургуулийн зүгээс та бүхэнтэй маш сайн хамтрах ёстой юм байна. Энэ хамтын ажиллагааны тал дээр таны бодол?
Төслийн үр шим зорилтот бүлэгтээ хүрэхэд ЕБС-ийн хамтын ажиллагаа нягт уялдаатай. Төсөл хэрэгжүүлэх аймаг болон сумын зөвлөл гэж байдаг. Сүхбаатар аймгийн “Төслийн аймгийн зөвлөл” аймгийн засаг даргын орлогч дарга Г.Мөнхзаяагаар ахлуулан ажиллаж байгаа. Сумдын хувьд ЗДТГ-ын даргаар ахлуулсан “Төслийн сумын зөвлөл” ажилладаг. Аймаг сумын зөвлөлүүд бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладаг. Сургуулиуд дээр сургалтын менежерүүд төслийг чиглүүлж байна. Зорилтот сумдын ЕБС-д 6-7 зөвлөх багш өөрийн хүсэлтээр бэлтгэгдсэн. Мөн сумдад хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхэд залууст зөвлөгөө өгөх менторууд бэлтгэгдсэн. Төслийн дунд хугацаанаас эхлэх бизнес коучтай болсон. Ингэснээр бид багш зөвлөхүүд, суралцагч болон менторууддаа бизнес төлөвлөт болон төсөл бичих арга зүйн мэргэжлийн зөвлөгөөг цаг алдалгүй өгөх боломжтой болсны дээр төгсөгчид маань шалгарсан төслөө зах зээлд нийлүүлэхэд дэмжин ажиллах боловсон хүчинтэй болсон. Сүхбаатар аймгийн бизнес коучаар Т.Шинэхүү ажиллаж байгаа.
Төсөл хэрэгжих хугацаанд хийгдсэн ажлууд юу байна. Төслийн багийнхан сумдад их ажиллаж байгаа харагддаг?
Төслийн хугацаанд Сүхбаатар аймгийн зорилтот сумдын хэмжээнд 27 багш зөвлөх бэлтгэж 367 хүүхэд залуус хөтөлбөрт хамрагдсан байна. Эдгээр суралцагчдаас 144 суралцагч сургалтаа амжилттай төгсөн 81 төгсөгч бичил төслийн уралдаанд хамрагдсан. Цар тахлын улмаас төслийн шалгаруулалт хойшилсон бөгөөд Сүхбаатар аймгийн анхны шалгаруулалт 3 дугаар сарын 4-9-ний хооронд зохиогдож төслийн багийхан сумдаар аялан бичил “Шарк танк” зохион байгуулаад ирлээ. Сумдаас нийт 18 төсөл шалгаруулалтад оролцсоноос 4 төсөл шалгарч санхүүжилтээ авахад бэлэн болсон байна. Оролцогчид маань 5 минутад багтан өөрсдийн төслийн санаагаа шүүгчид болон үзэгчдэд танилцуулдаг. Сургалтаар олж авсан мэдлэг хамгийн бүрэг ичимхий хүүхдийг ч олны өмнө гарч илтгэгч болгож чадаж байгаа нь бидний амжилт. Хараахан төсөл нь тэнцээгүй ч ялж ялагдаж алдаан дээрээ сурч боломжийг олж харах чадварыг суулгах үүднээс бид 1 суралцагчийг төслийн уралдаанд 3 удаа оролцохыг зөвшөөрдөг. Мөн бид 2022 оны дөрөвдүгээр сарын 4,5-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ESEL буюу “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” сургалтын багш зөвлөхүүдийн сайн туршлагын семинарыг зохион байгуулсан. Тус семинарт Сүхбаатар болон Говьсүмбэр аймгийн төслийн зорилтот 6 сумын 36 багш зөвлөхүүд оролцож, ESEL сургалтыг сум, сургуульдаа зохион байгуулж буй туршлага, сургамжаа хуваалцахын зэрэгцээ сургалтын агуулга, хөтөлбөрийг сайжруулах талаар санал өгч, шийдлүүдийн талаар хэлэлцсэн. Сургалтад “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн боловсролын зөвлөх А.Энхтогтох, Энтрепренершипийн зөвлөх Э.Бат-Орших нар оролцож, багш, зөвлөхүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлсэн. Үүнийг бид маш үр өгөөжтэй ажил болсон гж харж байгаа.
Одоогоор гарсан үр дүн?
Өндөр хөгжилтэй улс орнуудад оюутан залуус их сургуульд суралцаж байх үеэсээ гарааны компани байгуулж, бизнес эрхэлж, баялаг бүтээгч болдог. Гэтэл манайд оюутан залуус сургуулиа төгсөөд аль нэг байгууллагад орж ажиллах л сэтгэлгээгээр суралцах нь их байдаг. Энэ сэтгэлгээг өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж их, дээд сургуулиудад оюутнуудын Энтрепренершип боловсролыг олгох, Энтрепенер клуб байгуулах, Энтрепенер оффис байгуулах үйл ажиллагаа жилээс жилд нэмэгдэж байна. Энэхүү ойлголтыг олж харж байгаа төслийн үр шимийг шууд хүртсэн 367 суралцагч, 27 багш зөвлөхүүд болон дам байдлаар төслийн үр шим хүртэгсэд бол бидний амжилт. 3 дугаар сард зохиогдсон төслийн шалгаруулалтаар зорилтод сумдаар аяллаар суралцагчдын сэтгэгдлийг сонсоход үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байлаа. Хүүхэд залуусын маань өөртөө итгэх итгэл, бусдын өмнө өөрийгөө болон өөрийн багийн санааг илэрхийлэх чадвар өмнө байсан түвшнээсээ хэрхэн сайжирсан талаараа бидэнд баяртайгаар илэрхийлж байсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан шүү. Энэ бол үр дүн.
Төслийн хүрээнд Цаашид төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
5 дугаар сарын 5, 6-нд бид үндэсний форумаар төслийн дунд хугацааны үнэлгээгээ хийх гэж байна. 5 аймгийн 25 сумын багш зөвлөхүүд, төслийн аймгийн болон сумын зөвлөлийн төлөөл, бизнес коуч болон менторын төлөөллүүд маань оролцоно. Японы элчин сайд, төсөл хэрэгжиж байгаа аймгуудын УИХ-ын гишүүд салбарын сайдууд бас зочдоор оролцоно. Мөн Сургуульд суурилсан энтрэпрайзыг турших төслийн уралдааны хариу удахгүй гарна. Үүгээр Сүхбаатар аймгийн зорилтот сумдын 1 сум нь уг төслийг хэрэгжүүлэх 90,000,000 төгрөгийн санхүүжилт авах юм. Манай ЕБС-ийн буюу сургуульд суралцаж байгаа 14-18 насныхны дараагийн элсэлт 9 дүгээр авна. Харин сургуулиас гадуурх 14-25 насныхны анги 5-р сард хичээл эхлэхээр элсэлтээ авч эхэлсэн байгаа. Сургалтад суух сонирхолтой сургуулиас гадуурх 14-25 насныхан маань өөрсдийн багийн дарга болон сумынхаа насан туршийн боловсролын багшдаа бүртгүүлж болно. Үүнээс гадна 5 болон 12 дугаар сард төслийн 2, 3 дах удаагийн шалгаруулалт зорилтот сум тус бүрт болохоор төлөвлөгдөж байна. Төслөөр дамжуулж олон хүүхэд, залуусын ирээдүйд хөрөнгө оруулалт хийх боломжтой. Гол нь өөрсдийн идэвх оолцоо л чухал.
Ярилцсанд баярлалаа.