Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТУСГАЙ ОЛИМПД ОРОЛЦОХ ЭРХ ОЛГОВ

Тусгай олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Уянга тус аймагт зохион байгуулагдсан “Цацарсан хайр-Цалгисан итгэл” өдөрлөгт оролцож, 2023 онд Бээжин хотод болох зуны тусгай олимпд нэг эмэгтэй хүүхдийг оролцуулах эрхийг олгов. Тус олимпд оролцох нэг хүүхдийг орон нутгийн холбогдох газрууд хэлэлцэн сонгох юм.

Мөн тэрээр аймгийн БТСГ-т тусгай олимпийн спортын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Цацарсан хайр-Цалгисан итгэл өдөрлөгийг Эрхэм ертөнц ТББ-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт хөгжлийн онцлогтой, тусгай хэрэгцээ шаардлагатай 42 хүүхэд, эцэг эхийн хамтаар оролцсон юм. Эцэг эхчүүдийг чадавхжуулах сургалт, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, хүүхдүүдийг хөгжүүлэх спорт арга хэмжээнүүдийг энэ үеэр зохиов. Уг ажилд төрийн болон төрийн бус 13 байгууллагын 50 гаруй ажилтан, албан хаагч оролцжээ.