Аймгийн Соёл, урлагийн газрын дэргэдэх “Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийг байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг идэвхжүүлэх ажлын хүрээнд Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн, Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Б.Алтанцэцэг аймгийн Соёл, урлагийн салбарын залуучуудтай уулзаж, арга зүйн зөвлөгөө өгчээ. Сүхбаатар аймгийн СУГ-аас салбарын залуучуудын уулзалтыг 4 дүгээр сардаа багтаан хийж, зөвлөлөө байгуулахаар төлөвлөсөн байна.
Уг зөвлөл 25 хүртэлх тэргүүлэгчтэй байх ба гишүүнчлэл нь 18-40 насны залуучуудад хязгааргүй байх юм. Салбарын залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, бусад төрийн болон төрийн бус залуучуудын байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах аж.
Тус зөвлөлд соёл, урлаг судлаач, Соёлын өвлөн уламжлагч, Соёл урлагийн менежер, Соёлын үйлдвэрлэл, Соёлын аялал жуулчлал, Дууны урлаг, Бүжгийн урлаг, Дүрслэх урлаг, Тайз дэлгэцийн урлаг, Зохиолч, яруу найрагч, Циркийн урлаг
Загварын урлаг, Сэтгүүл зүй, Дизайн урлаг болон хилийн чанад дахь соёлын салбарын залуучуудын зөвлөл мөн иргэн, аж ахуйн нэгжийн залуучуудын төлөөлөл оролцоно.