УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарын санаачилгаар, Тайвань улсын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ХБИ-дэд нийт 20 сая төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг тусгай хэрэгслийг хандивлалаа.
Том хүний болон хүүхдийн тэргэнцэр 20, алхуулагч зургаа, таван төрлийн 26 ширхэг таягийг аймгийн ХБИ-ийн холбооноос гаргасан судалгаанд үндэслэн эдгээр хэрэгслийг нэн шаардлагатай байгаа иргэдэд гардуулсан юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүд Сүхбаатар аймгийн ХБИ-ийн холбоодын удирдлага, тэргүүлэгчидтэй уулзаж санал бодлоо солилцов. УИХ-ын гишүүдийн зүгээс орон нутаг дахь бие төлөөлөгчөөрөө ХБИ-ийн төлөөллийг сонгон ажиллуулж байгаа нь тэднийг дэмжин ажиллаж буйн томоохон илрэл гэдгээ онцлоод, цаашид ч анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Сүхбаатар аймаг 2021 онд ХБИ-ийн дэд хөтөлбөрийг 4 жилийн хугацаатай баталсан. Энэ хүрээнд өнгөрсөн онд 22 төрлийн ажлыг зохион байгуулжээ. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоог байгуулж үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээс эхлээд олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Мөн энэ удаагийн тусгай хэрэгслийн дэмжлэг нь маш том хөрөнгө оруулалт болж байна гэдгийг Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Т.Золзаяа тодотгож байлаа.